“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Тэгвэл маргааш буюу 25-ны өдөр ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм.
Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.
“Монгол” пянзны нээлтийн үйл ажиллагаа 07.00-09.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 11.00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээг зохион байгуулна.
Дашрамд сануулахад энэ өдрөөс яг 100 жилийн өмнө буюу 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс