Голландын зураач Вильям Хенритсийн зургууд аргагүй л ургуулан бодоход хүргэн, тэднийг хараад дулаан орнууд, далай тэнгисийн эрэгт амарч суумаар... Усан будгийн зургууд нь энхрийлэл, нислэгээр амьсгаалан үзэгчдийн романтикаар хучин авна.
Вильям Хенритс Нидерландын Херлен хотод 1940 оны 10-р сарын 9-д төржээ. Тэр 17 настайдаа Maastricht уран зургийн академид элсээд дөрвөн жилийн дараа Антверпен хотын Дүрслэх урлагийн үндэсний дээд сургуульд суралцах болов.
Тэнд суралцаж байхдаа зураач анхны үзэсгэлэнгээ зохион байгуулж байжээ. Үзэсгэлэн амжилттай болон тэр хэд хэдэн зургаа худалдсан байна. Олсон мөнгөөрөө тэр моторт дугуй худалдан аваад хотын захаар аялан этют хийх болжээ. Вильям нэгэн хөлөг онгоцны эзэнтэй танилцсаны дараа уран зурагтаа захиалга авч суржээ.
Хэсэг хугацааны дараа Вильям Парист очин Place de Tetre талбайд хөрөг зурах болжээ. Ажил үйлс нь амжилттай болон тэр Берген сууринд байшин хүртэл худалдан авлаа. Тэр жилүүдэд зураач аз жаргалтай байжээ. Ханна гэдэг бүсгүйтэй гэрлэж, олон зураг зураж, галарей үзэсгэлэнгүүдэд зургаа тавих болов. Ханна охин төрүүлэн түүнд баяр хөөр авчирлаа. Гэтэл харамсалтай нь Ханна авто ослоор өөд болжээ.
Вильям зургаан долоо хоногтой охинтойгоо үлдсэн байна. Удалгүй тэр Херленд эргэн очоод маш ихээр ажиллах болов. Зургууд нь Голланд, Германд сайн борлуулагдаж байлаа. Далаад оны сүүлчээр тэр хоёр дахь эхнэртэйгээ тааралджээ. Тэр эмэгтэй охиныг нь хүмүүжүүлсэн ба тэдний дундаас хүү төрсөн юм.
Наяад онуудад зураг сайн гүйлгээтэй, түүнийг олон улсын үзэсгэлэнгүүдэд урьж байлаа. Зураачийн зургууд Японд хамгийн алдартай болсон гэдэг.
Зураач 2003 онд Испанийн Hondon de las Nieves гэдэг газар эдлэн худалдан авсан нь уран бүтээлд нь өөрөөр нөлөөлөн шинэ өнгө, сүүдэртэй бүжигчидийн сэдэв нэмэгдэсэн ч зураач танигдсан хэвээр...
Вильям Хенритсийн гайхамшигтай зургуудаас танилцуулья.