Өчигдөр буюу лхагва гаригт ардчиллын төлөө тэмцэгч гурван хүнд ял оноож, Хонконгийн улс төрийн сөрөг хүчинд дахин цохилт өглөө. Тэдний дотор Бээжингийн эсрэг эсэргүүцлээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Жошуа Вонг байв.
Жошуа Вонг өнгөрсөн жилээс өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө 13 сар хагасын хорих ял авчээ. Ардчиллын төлөөх хөдөлгөөний “Мулан” гэгдэж байсан нутаг нэгт идэвхтэн Алис Чоу 10 сар авсан бол татан буугдсан улс төрийн бүлгийн Демосисто гишүүн Иван Ламд долоон сарын ял оноолоо.
Тэдэнд оноосон ял нь Бээжингийн Хонконг дахь улс төрийн сөрөг хүчнийг улам бүр түрэмгийлэн дарах өргөн цар хүрээтэй шинж чанарыг харуулж байна.
"Эдгээр бүх шүүхийн ял шийтгэл нь манай залуусыг хавчиж байгаа хэрэг юм. Тэд Жошуа Вонгоор дамжуулж залуусыг айлгахыг хүсэж байна" гэж ардчиллыг дэмжигч лагерийн хуульч асан Клаудиа Мо хэллээ.
Үүний хариуд Жошуа Вонг өөрийнхөө твитер хуудаснаа “Хэдий 13.5 сарыг шоронд өнгөрөөх ч гэсэн энэ бол Хонконгийн ардчилал, эрх чөлөөний төлөө бүр ч их тэмцэх ёстойг харуулж буй юм. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн байна.
Харин Америкийн Конгресоос Бээжингийн явуулгатай энэ хэрэгт “хүний эрх” зөрчигдсөн, мөн маш их санаа зовж байгаа байр сууриа илэрхийллээ.
"Хятадаас ардчиллын эдгээр залуучуудад харгис хэрцгий ял оноож байгаа нь үнэхээр аймшигтай юм" гэж Вонг шоронд орсны дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Пелоси мэдэгдэлдээ дурджээ.
Тэрээр "Бид энэхүү шударга бус ялыг болон Хятадын Хонконгчуудад өргөн тархсан халдлага үйлдэхийг буруушаахад дэлхийн бүх эрх чөлөөнд дуртай хүмүүсийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна" гэсэн байна.
Бү.Лхамаа