Дүрслэх урлагийн музейгээс 17 сор бүтээлийг 1986 онд Төрийн тусгай хамгаалалтын харьяа Их тэнгэр цогцолбор руу шилжүүлж байжээ. Харин өнөөдөр буюу 34 жилийн дараа Ерөнхийлөгчийн өвлийн ордонд байрлаж байсан алтан үеийн бүтээлүүдийг мэргэжлийн байгууллагад нь эгүүлэн өгсөн түүхэн үйл явдал тохиолоо.
Шилжүүлэн авсан 17 сор бүтээлийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 8-ныг дуустал иргэдэд нээлттэй үзүүлэх юм.
Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн байгууллагуудын ажилтай танилцахдаа Монголын уран зургийн галерейд данстай эдгээр бүтээлийг сан хөмрөгт нь өгөх шийдвэр гаргасан нь эхнээсээ биеллээ олж байна. Монголын сор бүтээлүүд “төрсөн гэртээ”, ард түмэндээ ирж байгаа түүхэн үйл явдал болж байна” гэв.
МУУГЗ, Ахмад уран бүтээлч Г.Дунбүрээ “Үе үеийн ахмад зураачдын шилдэг бүтээлүүд Уран зургийн галерейд ирж, үзэгч олны мэлмийг баясгах боллоо. Жишээ нь, Ардын зураач,Төрийн шагналт Д.Амгалан гуайн “Жаахан шаргын нутаг” бүтээл өнгөө алдаагүй хэвээрээ байна. Үзэгч олны сэтгэлд хоногшсон энэхүү бүтээл байх ёстой газраа, суурин дээрээ ирлээ гэж би бодож байна. Энэ зургийн агуулга нь “Суртлын бригад” хөдөө орон нутагт явж байгаа тухай юм. Уран сайханчид ард түмэндээ соёл урлагаа түгээж, гэрт болж буй үйл явдлыг хүүхэд залуучууд сонирхон байгааг харуулсан. Мөн өөрийн гэр бүлийн хүнийг бодит байдлаар нь харж, энэхүү бүтээлдээ уран сайхны аргаар мөнхжүүлсэн гэж зураач өөрөө ярьж байсан юм” хэмээв.
Эх сурвалж: montsame.mn