Амралтын өдрөөр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын “Эрх нялх аялгуу” уран бүтээлийн цэнгүүнд саатав. “Ард” кино театрын ар талын хаалгаар дөнгөж алхтал хоёр алхмын цаана хаалга нь онгорхой заалыг дүүргэн суусан үзэгч, эзэн нь хараахан ирээгүй тайз...
18.00 цагт эхлэх тоглолтоос 15 минутын өмнө очсон ч суудал дүүрч, арын суудлууд руу цөлөгдөв. Сумын клубын заал шиг жижигхэн талбайд суудал засч эсрэг талд тайз, тайзны голд нэг сандал... Хамгийн ихдээ 300 хүний багтаамжтай. Адрыг тойруулан улаан хилэн хөшиг унжуулж, гэрэлтүүрэг тавьснаар өөрөөр шинэ юм бол алга.
“Эрх нялх аялгуу” уран бүтээлийн цэнгүүн Д.Сосорбарамын дотнын найз, СГЗ Б.Цэнддоогийн “Эрх нялх аялгуу”-гаар эхлэв.
Хөх талын булаг дээр
Хөөрхөн хоолой эгшиглэнэ
Хөх зүүний үзүүр хөндлөн бариагүй л болов уу
Хөнгөн боловч гунигийн шүүдэр унаагүй л болов уу
Хөх булгийн тэнд тийм л хоолой эгшиглэнэ
Урин хаврын ногоо ургаж дуулаад байхад
Усны шувууд ирээд найралж дуулаад буухад
Унах навчсын түрүүч асгарч дуулаад харихад
Унтаад л унтаад л унтаад л байсан эрх нялх яалгуу...
Дууны ая дан буюу хөгжмийг Д.Сосорбарам өөрөө бичсэн. Түүнийгээ цэнгүүний төгсгөл хүртэл хадгалсны эцэст ирсэн зочдын сонорыг сая мялаасан байдаг юм. Өмнө дуулсан “Зүүдний гүйлга”, “Эрийн сайхан хийморь”, “Дорнын цагаан саран”-гаас дутахааргүй том дуу болсон юм байна. “59 насаа үдэх, 60 насныхаа босгон дээр дууны ая хийж үзлээ” хэмээсэн нь энэ аж.
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг...
Ганган фракны халааснаас торгон эрээн алчуур гарган ирж нүдээ арчингаа тайзны гол руу алхахаар нь “одоо л нэг амьсгаа авах нь дээ” гэтэл үргэлжлүүлээд “Үлэмжийн чанар” шуранхайлах нь. Арван хэдэн жилийн өмнө СТӨ-нд хийсэн тоглолтынхоос огт өөр дуулалт. Хэдэн бадаг дуулсныг тоолсонгүй, өмнө сонсоогүй шинэ шинэ бадгууд шуранхайлсаар...
Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам..." /Р.Чойном/
“Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ...” /Р.Чойном/
Дуулангаа шүлэглэнэ, шүлэглэнгээ дуулна. Хаана төгсөж, хаанаас эхлэхийг таах боломжгүй.
...“Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог
Түрүүчийн гялаан одод минь ээ
Чамаас би зүүд гуйя
Чамаас би зүүд гуйя...”
“Хээр хоносон манан газраас салж ядан дэгдэнэ
Хээнцэрхэн дэлхий шүүдэрт нь гялталзаж нялхарна
Хэлж ярихгүйгээр нэг нэгэн рүүгээ зүтгэлнэ
Хэзээ ч ирэхгүй жаргалыг амсан тамшаална аа...”
“...Самрын гурван толгойгоо
Сайвар саарлаараа туулна аа
Санааны амраг чамтайгаа
Санан сууж найрлая
Үзмийн гурван толгойгоо
Үрээ саарлаараа туулна аа
Үеийн бяцхан чамтайгаа
Үерхэн сууж найрлая аа...”
“...Нартад хоёр үнэн л байдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэн байдаг жамаас зөрөх гээд яах вэ
Үнэнд сөгдөөд сайхан өөдрөг явья даа...”
Р.Чойномын “Гунигийн дуу”, “Зуслангийн уянга”, Б.Балжиннямын үг, ая “Дуулан хүлээж сууна уу”, “Шөнийн бороо”, “Би чамд хайртай”, “Жаргаах зүрхэн”, Д.Сосорбарамын үг, “том” Жагаагийн ая, “Uvertura” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Жамаас”, Т.Ганболдын ая, Д.Сосорбарамын үг “Би өөрөө”, “Аргагүй амраг”, “Самын гурван толгой”... Лав арав гаруй, хорь шахам дуу дуулагдав. Гэсэн ч тоглолтын дараа хаалган дээр шахцалдан гарах үзэгчид "Харин ч цөөхөн дуу дуулчихлаа", "Эрийн сайхан хийморь"-ио, "Байн байн санаа алдахад"-ыг дуулсангүй... гэх. Оронд нь нэлээд олон шинэ дуу түрж орж ирсэн юм байна.
Р.Чойномын шүлэг, найраглалууд, Д.Сосорбарамын өөрийнх нь шүлгээр бүтсэн гурван ч дуу, өмнө дуулагдаж олны хүртээл болсон хуучны болон ардын сайхан дуунуудыг ар араас нь угсарч найруулсан хоёр цаг хагасын тоглолт... Дундуур нь Б.Цэнддоогийн “Хүргэн орох хууль”, “Хөдөөгийн сонгогч”, “Алтан унжлаганы тухай” хошин өгүүллэг...
Концерт, тоглолт гэхээсээ илүү драм талдаа ч гэмээр. Яалт ч үгүй Д.Сосорбарамынх л байх ёстой дуу, дурсамж, утга уянга, улс төрийн хөнгөн, хошин егөөдөл. Цэл залуухан Р.Чойномын тэсч тэвчсэн гаслангуй эндээс сонсогдож, Догшин хутагтын сахиус, шүншиг энд орших мэт нуруу руу хүйт даана. "Галзуу" хэмээх Со буюу Д.Сосорбарамын оршихуй ч ийм л буй заа.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (3)