Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг өнөөдөр /аравдугаар сарын 30-нд/ зохион байгууллаа.
Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав. Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх сорилтод оролцсон хөөмийчдийн хамгийн залуу нь 5, ахмад нь 83 настай байлаа. Сорилтын шүүгчээр Английн Лондон хот дахь Геннисийн амжилтын хорооны шүүгчид ажиллажээ.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, Ховд их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцсон бөгөөд хамгийн залуу хөөмийч нь таван настай байсан бол хамгийн ахмад нь 83 настай, улсын тэргүүний уран сайханч байсан талаар Ховд аймгийн ЗДТГ мэдээлжээ.
Монгол хөөмийг дэлхийн дээд амжилт, Геннисийн номд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Тува улс, ӨМӨЗО, бусад аймгийн хөөмийчид хүрэлцэн ирсэн байна. Монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, дэлхийн Хөөмийн холбоо хамтран зохион байгуулжээ.