МАН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Зарим гишүүдийнх нь жиргэснээр, энэ ажлыг намын удирдлагаас дэмжиж, намын ерөнхий нарийн бичгийн дарга нь гарын үсэг зуруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Залуу гишүүдийн олонхи энэ санаачилгыг дэмжиж байгаа бол, зарим ахмад гишүүдээс “нам булшлах гэлээ” хэмээн тэднийг зандарч саналаасаа буцахыг тулгаж яваа бололтой. Гэхдээ МАН-аас болон бүлгээс албан ёсны шийдвэр гаргаагүй, байр сууриа илэрхийлээгүй бол, УИХ-ын даргын зүгээс “УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх асуудал яригдаж байгаа” гэж мэдэгдэв.
УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51-ээс дээш гишүүн нэгдэж УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн баривал УИХ тарах Үндсэн хуулийн заалттай. Ийм тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд түүнийг ажлын долоо хоногийн дотор хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээс долоо хоногт багтаан эцэслэн шийдвэрлэх дэгтэй. Хэрвээ УИХ тарахыг гишүүдийн олонхи дэмжвэл тэд дараагийн УИХ-ын сонгуулийг товлон зарлана. Тэр нь УИХ-ын ээлжит бус чуулган бөгөөд санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө товлох хуультай юм.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн зүгээс энэ УИХ-ын хугацаанаасаа өмнө тарахыг хоёр удаа чуулганы хуралдаан дээр мэдэгдэж, мөн нэг удаа тараах саналаа УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн АН-ынхан болон гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн нарын 20 орчим гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсэг зурж байсан удаатай.
itoim.mn