Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын төслийг хэлэлцэхийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим заалтад найруулгын чанартай засвар хийж, санал хураалт явуулсан. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд нэмэлт өөрчлөлтийн төсөл болон санал хураалгаж буй заалтуудад сэтгэл дундуур байгаагаа илэхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:
-"Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох асуудал байсан. Гэвч энэ асуудал хоёр дахь шатны хэлэлцүүлэг дээр намын бүлгээс 100 хувийн дэмжлэг авсан боловч чуулганы хуралдаанаар унасан. Нэр бүхий 62 гишүүний төсөл дэх заалтын хамгийн гол заалт болох Ерөнхийлөгч бүх шатны шүүгч нарыг зөвхөн батламжилдаг байхаар оруулсан боловч санал унаж одоогийнхоороо буюу бүх шатны шүүгч нарыг Ерөнхийлөгч томилдог хэвээр үлдлээ. Шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Энэ нь дараа дараагийн Ерөнхийлөгчдөд хонгилын түлхүүрийг барих сэдлийг нь төрүүлнэ. Үүнийг би зохион байгуулалтайгаар унагаасан гэж харж байгаа. Намын бүлэг дээр дэмжчихээд УИХ-ын чуулган дээр 10 гаруй хүн эсрэг санал өгсөн. Энэ бол агуу том хуйвалдаан.
Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун харамсаж байна. Тэр дундаа манай намын гишүүд. Намынхаа нөхдийн нүүрийг эргэж харах нүүртэй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой ил тод нөлөөлсөн асуудлыг оруулж ирэхэд хүчээр унагааж, улс орны хөгжлийг боомилсон асуудлыг оруулж ирсэн. Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм. Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Цаашдаа үе үеийн Ерөнхийлөгч нарт хонгилын түлхүүр ирэх нь" гэв.
Сэтгэгдэл (5)