УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлсэн. Энэ үеэр давхар дээлтэй байх эсэх асуудлаарх саналыг хойшлуулсан билээ.
Үүнд ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан.
Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа.
Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдлээ. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн.
Харин төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.