Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Баасан гаригийн /2019.08.30/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ирэхгүй байгаа УИХ-ын гишүүдэд хандаж үг хэлэв.
Тэрбээр, Миний хэлэх гэсэн гол үг, энэ байхгүй байгаа гишүүдээ ирүүлээч ээ гэж байна.
Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн туйлын анхаааралтайгаар ажиглаж, амьдралд садаа болоод байгаа ганц ч болов заалтыг өөрчилчихөөсэй гэж залбираад гэртээ байж байгаа.
Улс орны амин чухал эрх ашгийн суудал, магадгүй дараачийн 10 жилд ярих бололцоогүй ийм асуудал ярьж байхад зарим хүмүүс яагаад хуралдаандаа ирдэггүй юм. ХЭН БОЛЧИХСОН ЮМ.
Албан тушаал ярихаар би би гэж давхидаг, төрийн, ард түмний амин чухал эрх ашгийн асуудал ярихаар яагаад ирдэггүй юм. Одоо болоо юм бишүү.
Чингэлтэйгээс сонгогдсон Д.Ганболд гишүүн Үндсэн хуулийн асуудал хэлэлцэнэ гэдгийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон гэж байна лээ. Бид нар та нараас ичиж байна. Хүний өмнөөс ичих шиг адгийн юм байдаггүй юм байна.
МАН-ын бүлгийн парламентын бүрэлдэхүүн ийм сахилгагүй байсныг 30 жил болоход үзээгүй юм байна.
УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа ирнэ гэж бичсэн байдаг. Бусад нь энд сууж байх ёстой.
Би УИХ-ын даргад горимын ямар шаардлага тавих гэж байна гэхээр сая нэр дурьдсан баян тарган гишүүдээ дууд. Хөрөнгөндөө аархаад байгаа юмуу, хаашаа юм. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт нь гадарлана аа.
МАН-ын харъяалалтай 40 шинэ гишүүн бий. 2016 онд та нарыг нэр дэвшиж байхад мань мэт нь цагаан магтаалаар магтаад өдөр, шөнөгүй явсан. Та нарыг Монголын төрд гараад аятайхан ажиллачих болов уу гэж горьдсон, хаана байна тэр горьдлого. Тэр сонгосон ард түмнийхээ сэтгэл рүү битгий ус хийгээрэй. Албан тушаал, эрх мэдэл, мөнгөнөс өөр бодох юм байхгүй.
Ажилдаа цагтаа ирж сураарай. Өглөө унтаад сэрдэггүй. Юугаа хийгээд явдаг юм. Шөнөжин бааранд байдаг юмуу.
Яг энэ цалгар назгай байдал чинь парламентын нэр хүндийг гутаахад, олон түмний дунд таагүй уур амьсгал бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа шүү.
Энэ 76 дотор хуралд суухгүй дархан эрхтэй хүн нэг ч байхгүй. Бүгд адилхан энд сууж байх ёстой. Тэр тусмаа Үндсэн хуулийн асуудал хэлэлцэж байхад… хэмээн үгээ хэллээ.
Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд 75 гишүүний 59 нь буюу 78.8 хувь нь хүрэлцэн ирсэн юм.
Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байгаа чуулганы хуралдааныг шалтгаангүй тасалсан гишүүд:
Чингэлтэй дүүргээс сонгогдсон Д.Ганболд
Дорнодоос сонгогдсон Н.Номтойбаяр
Эрдэнэтээс сонгогдсон О.Содбилэг
Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат