УИХ-ын гишүүдийн ихэнх нь улс орон, ард нийтийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэлж байв.
Энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-"Сүүлийн 20-иод жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж ирсэн, гишүүдэд ч тодорхой үүрэг даалгавар өгөгдөж байсан байдаг. Энэ хүрээнд яригдаж байсан асуудлуудыг багцалж Улсын Их Хурлын 62 гишүүн төсөл өргөн мэдүүлсэн. Дараа нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд төсөл, саналаа өргөн мэдүүлсэн, АН-ын зөвлөлөөс ч тодорхой асуудлыг санал болгож тавьсан.
Энэ үндсэн дээр зөвшилцөл явагдаж, харилцан ойлголцолд хүрсэн заалтуудыг Байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Одоо эдгээр заалтыг дэмжээд явбал харьцангуй боломжийн түвшинд томьёологдсон зохицуулалт болно гэж үзэж байгаа" гэлээ.
Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах эсэхийг хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр тодотгосон юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан асуулт, хариулт дуусаж, чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.
Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас үргэлжилж, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.