Халх голын 80 жилийн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар "ОХУ-ын тэргүүн Халх голын байлдааны ялалтын ойд оролцож байсан сайхан туршлагууд бий. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Түүний нээлт есдүгээр сарын 3-ны өдөр болно. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий" гэлээ. Өмнө ЕТГ-ын дарга З.Энхболд мөн энэ айлчлалын тухай мэдээлсэн.
Мөн Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2019 оны есдүгээр сарын 3-нд ирнэ. Энэ үеэрх зохион байгуулалтыг Гадаад харилцааны яам хийнэ" гэсэн боловч Гадаад харилцааны яамны эх сурвалж "ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөр гараагүй" гэсэн байна.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 оны есдүгээр сарын 3-нд Владимир Путин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монголд айлчилж байв.