Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал завсарлан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлжээ.
Энэ талаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоход олон нийтэд нээлттэй. Шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй учраас хурал өнөөдөртөө дуусах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гаргасан шийдвэрийг танилцуулах болно" гэлээ.
Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий есөн хүнийг “гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар эрүү шүүлт хэрэглэсэн” хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийж, С.Зоригийн хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэсэн талаар мэдээлснээр энэ хэрэг олон нийтэд ил болсон билээ.
Харин үүний дараа уг хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Прокурорын байгууллага өнгөрөгч арванхоёрдугаар сараас уг хэргийг шалгаж, хууль зөрчиж, эрүү шүүлт хэрэглэсэн ШШГ байгууллагын нэг, тагнуулын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн” тухай ярьсан. Харин өнөөдөр прокурорын орлогч асан өөрөө энэ хэргийн яллагдагч болоод явж байна.
Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын есөн хүнийг гэм буруутай гэж үзвэл шүүх хуралдаан үргэлжилж, ял, хариуцлагын асуудлыг ярина. Харин гэм буруугүй үзвэл, эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргавал хурал дуусч, шүүхийн шийдвэрийг танилцуулна.