Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр 18.00 цагийн орчимд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр даваа гариг хүртэл завсарлалаа.
Тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр шүүх хуралдааны явцын талаар өдөр бүр сэтгүүлчдэд мэдээлж байгаа билээ. Түүний өгсөн мэдээллээр, шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, улсын яллагч хоёр байгаа юм. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг НПГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр маш нууцын зэрэглэлтэйгээр зургаадугаар сарын 25-нд тус шүүхэд шилжүүлжээ. Энэ дагуу шүүх хуралдааныг энэ сарын 12-нд хаалттайгаар эхлүүлсэн юм.
Шүүх хурлын эхний гурван өдөр шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг асуусан. Мөн асуулт хариултын шат дууссан юм. Өчигдөр тус хэрэгт холбогдуулан хурааж авсан дүрс бичлэг бүхий нотлох баримтыг шинжлэн судалсан. Харин өнөөдөр бичгийн буюу хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримттай танилцаж, шинжилж дуусгажээ.
Шүүх хуралдаан өчигдөр 18.00 цагийн орчимд түр завсарласан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчид өнөөдөртөө завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх хуралдааныг эхлүүлснээс хойш өдрийн цагаар тасралтгүй явуулна гэж заасан ч амралтын өдөр хуралдах боломжгүй юм. Тиймээс шүүх хуралдаан ирэх даваа гарагт үргэлжлэхээр болж байна.
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ. Тэднийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн, Эрүү шүүлт тулгасан үндэслэлээр хэрэгт холбожээ. Хохирогчоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржээ, Т.Чимгээ нар оролцож байна.
2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 133.1-д "Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Харин 251.1-д "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.