Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөж сэргээж орон нутагт хүлээлгэж өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.
Товч мэдээ
- Эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” төрийн бус байгууллагын “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
- Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх юм.
- Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр болов.
- “Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”, “Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Автозамын санд төвлөрүүлэх хувь хэмжээ”-г хавсралтаар батлав. 2020 онд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос нэг тонн тутамд 18 мянган төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэхээр болжээ.