Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Үүний өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналаа ЕТГ-аас холбогдох төрийн байгууллагууд руу илгээсэн байна.
Ерөнхийлөгчийн гаргаж буй саналд:
-УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Ингэхдээ 54 буюу 50 хувийг хувь тэнцүүлсэн байдлаар, 54 хувийг улсын нэг тойргоос одоогийн тогтолцоогоор сонгох.
-Улс төрийн нам байгуулах гишүүний тоог 801 байгааг 10 мянга болгож нэмэгдүүлэх.
-Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсад ногдох гэх мэт асуудлуудыг тусгажээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүний тоог 108 болгох асуудлыг УИХ-ын дарга дэмжиж байгаа аж. Учир нь 76 гишүүнтэй байх нь Монгол Улс хоёр сая иргэнтэй байх үед батлагдсан Үндсэн хуульд оруулсан заалт бөгөөд нэг хүнд ногдох төлөөллөөрөө Монгол Улс харьцангуй бага гэсэн ангилалд орж байгаа нь 108 болгох үндэслэл болсон гэлээ. Мөн гишүүдийн 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар сонгох нь одоогийн төсвийн тарамдалтыг зогсоох, популизмыг гааруулахгүй байх үндсэн зорилготой аж.
Харин шинээр нам байгуулах тоог 801 байгааг 10 мянга болгох хувилбарыг зарим хуульч буруушааж байна. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж буй заалт болсон тухай зарим судлаач байр сууриа илэрхийлж байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр баяр наадмын өдрүүдэд болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцохдоо шүүхийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах одоогийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Сануулахад өмнөх удаа Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэдэг үндэслэлээр нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Харин УИХ-ын зүгээс "хуульд заасан 30 хоногийн хугацаанд Ерөнхийлөгч саналаа ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл үндэслэлгүй" хэмээн мэдээлсэн.
Сэтгэгдэл (2)