Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуйг өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ 2019 онд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон чухал харилцан айлчлал, тэмдэглэлт арга хэмжээгээр дүүрэн байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэв.
Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын санаачилгын дээд түшний хоёрдугаар чуулга уулзалтад амжилттай оролцсон нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын ГХЯ-дын харилцаа идэвхтэй өрнөж, 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд амжилттай хэрэгжиж байгааг санал нэгтэй дурдав.
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг дагалдан ирсэн юм.