Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр МУИС-ийн Номын санд “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр лекц уншлаа.
Түүний илтгэлийн гол санаа сонгогч иргэдэд эдийн засгийн болон улстөрийн боловсрол дутагдаж байна гэдэгт төвлөрч байв. Тэрээр, ардчилал, зах зээлийн замыг сонгосон манай улсад хүмүүс эдийн засгийн болон улстөрийн буруу бодлогыг яагаад сонгоод байна гэдгийг нэг талаар зарим улстөрчдийн популист амлалт бүхий үйл ажиллагаанд автаж буйтай холбон тайлбарлаж байв.
Тэрээр, “Монголд улстөр гэхээсээ илүү нутгийн зөвлөлийн, нэг аймаг, сумын гэсэн жалга довны үзэл буюу улстөрийн овог аймаг үүссэн, хэвээрээ байна. Ардчилсан нийгмээр авч үзвэл улс орны хөгжилтэй холбоотой аливаа зүйлд хялбархан шийд олох гэсэн эрмэлзэл давамгайлсан хэвээр. Үүнийг нь популизм өөгшүүлж байна. Зах зээлийн нийгмээр авч үзвэл монголчууд бид хийж бүтээж буй зүйлээ, эдийн засгаа дутуу үнэлдэг. Үүн дээр нь популист үзэлтнүүд мөн тоглолт хийн, гутранги үзэлд автуулж, зах зээлийн үл үзэгдэх гарыг үл ойшоох байдлыг хэвээр байлгаж, гадаадын гэсэн юм болгоныг эсэргүүцдэг байдал арилаагүй байна гэв.
Наад захын жишээ нь, иргэд сонгуульд оролцож санал өгөхдөө улс орны хөгжлөө бүхэлд нь харж нийгмээ бодох бус зөвхөн өөрийнхөө өнөө маргаашийн ажил, амьдалыг бодон сонголж хийж буй нь учир дутагдалтай байна. Тиймээс иргэд, сонгогчдыг боловсруулах нь буруу бодлогыг сонгохгүй байх, популизмээс салах нэг гарц. Их, дээд сургуулиудад политэкономикийн хичлээлийг оруулдаг болгоё. Ингэхдээ улстөртэй хамт заахгүй бол мөн л хагас дутуу мэдлэг олголт болно” гэж байв.
Илтгэл лекцийг “Боловсрол төвтэй улстөр” ТББ-аас зохион байгуулсан бөгөөд лекцид сэтгүүлчид, оюутнууд, сэхээтнүүд их ирсэн байв.
montsame.mn
Сэтгэгдэл (1)