Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн зарлиг гаргажээ. Үүнд нь,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
-Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,
-Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,
-Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,
-Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал,
-Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуя,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар багтсан байна.
Захирамжид шүүгчдийг түдгэлзүүлсэн үндэслэлийг дурьдаагүй боловч энэ үйл явдалтай зэрэгцүүлэн нэгэн “ноцтой” мэдээлэл тараад байна. Хуулийн байгууллага 13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон Авилга авч байгаа видео бичлэг нь байгаа гэх яриа улс төрийн хүрээнээс гарав.
Мөн саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ц.Элбэгдоржийн томилсон бүх шүүгчдийг огцруулна, цөлөөлнө” хэмээн телевизийн эфирээр мэдэгдсэн. Хэдийгээр шударга ёсны манаа байх ёстой шүүгчдийн авилгыг илчилсэн нь сайн хэрэг ч үнэн хэрэгтээ “Ц.Элбэгдоржийн томилсон хүмүүс” учраас уу, эсвэл авилга авсан нь түдгэлзүүлэх үндэслэл болсон уу? гэдэг тодорхойгүй байна.
Хэрвээ шүүгчдийг авилгыг видео бичлэгээр нотолсон бол тэднийг нэлээд эртнээс анхааралдаа авч, гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байх магадлалтай. Тэгвэл дахиад мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх асуудал сөхөгдөж мэднэ. Тиймээс энэ талаар шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл ч гэсэн албан ёсны тайлбар, мэдэгдэл хийх хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл (70)