Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулж, тус багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багийг байгуулсан.
Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын баг өнөөдөр хуралдлаа. Хурлыг дэд ажлын багийн ахлагч Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав даргалж, гишүүд Үндсэн хууль судлаач О.Машбат, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн шинжээч Э.Баттогтох нар оролцлоо.
Дэд ажлын багийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орсон гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлага, тогтвортой байдалтай холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцэн, тайлбар үндэслэлээ боловсруулж ажлын багт танилцуулахаар тогтлоо.