УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үгээ хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн санал асуулгаар орж, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож, ШИНЭ намын гишүүд болох Л.Болд бид хоёр хэлэлцүүлэгт оролцоод сууж байна. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа Ардчилсан намын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна лээ. Нийгмийн үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөнө гээд УИХ-ын дарга та орсон. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү?
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл 10 жил, гурван парламент дамжиж эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор бүтсэн хуулийн төсөл. Улстөрийн намууд, төрийн бус байгууллагууд эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Өнөөдөр өргөн бариад л хэлэлцэж байгаа болохоос биш олон хүний хөдөлмөр шингэсэн хуулийн төсөл. “Би хийгээгүй юм чинь чи болохгүй” гэсэн зарчмаар хандаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. Ардчилсан намын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаанууд байдаг байх. Гэхдээ өөрсдөө өргөн барьж, дэмжиж явсан хуулийн төслөөс хойшоо ухраад суучхаагүй гэж бодож байна. Ардчилсан намынхан давхар дээлийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо үүнээсээ ухарчхаагүй гэж бодож байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг засъя гэж зөндөө ярьсан. Мөн үүнээсээ зугтчихаагүй гэж бодож байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй болгох тогтолцоо руу оръё гэж АН-ынхан мөн зөндөө л ярьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаанаа зөвшилцлийн арга механизмаар шийдвэрлээд парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сүүлийн 28 жилд төрийн тогтолцоонд бий болсон гажуудал мөн төрд итгэх иргэдийн итгэл буурсан энэ байдлыг яаж засаж сайжруулах вэ. Аль заалтаар засах эсэхийг би олж харахгүй байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд төрийн бүх салбар уналтад орсон. Яамдууд нь хүртэл уналтад орж өнөөдөр хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, 20 хүүхэд сурах ангид 50-60 уулаа сурч байна. Эрүүл мэндийн салбар мөн л 28 жилд унасан. Унасан салбаруудаа босгож, мөн төрийн албан хаагчдыг яаж хариуцлагажуулах юм бэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Бүх талуудын санал бодлыг хуулийн төсөлд тусгасан. Үндсэндээ дөрвөн агуулгын хүрээнд гол өөрчлөлтүүд хийгдэнэ. Төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай байх үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн. Тийм болохоор гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс оруулж байна. УИХ-ын хэт их эрх мэдэлтэй байхыг багасгах зохицуулалт оруулж ирж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар хөндөж болохгүй гэсэн заалт байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухай заасан. Тиймээс ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлыг бодолцож энэ заалтуудыг хөндөөгүй.