УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг 12 цагт хаалттай хэлэлцэж эхэлсэн. Хуралдаан 14.30 цагт дууссан бөгөөд байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд хуульд заасан хэмээн хаалттайгаар хуралдсан юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хар тамхитай холбоотой хэрэг зөрчил нэг, хоёр удаагийнх биш байна. Бид хэргийг илрүүлэх болон бусад асуудлаар хэлэлцсэн учраас хуралдааныг хаалттай явуулсан. Сүүлийн арав гаруй жилийн турш хар тамхитай холбоотой мэдээлэл ирж байсан байна, дээр нь өмнө нь хэрэгт холбогдсон хүмүүс ч дахин томилогдож байсан учраас томилгооны асуудалд анхаарал хандуулах ёстой. Яаралтай арга хэмжээ авах цаг болсон байна. Мөн нэг хүн дээр 2 дипломат паспорттай. Нэгийг нь хянаж байхад, нөгөөхөөр нь зорчих гэх мэт асуудлууд их байна. Эхний ээлжинд байнгын хороогоор мэдээлэл сонслоо цаашид УИХ, ҮАБЗ-д танилцуулах болов уу гэж бодож байна" гэлээ.