Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар энэ сарын 12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрбээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух ЭСЯ-ны нээлтэд оролцохоор төлөвлөсөн байна.
Албан ёсны айлчлалын дараа буюу энэ сарын 13-14-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын тавдугаар уулзалтад оролцоно.