x

Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол

(Төв талбайд бужигнав. Үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал юм гэнэ. Идэр есийн тэсгим жаварт бээрч, олон цаг гадаа зогсох-аминд тулсан тэмцэл болохыг илтгэнэ. Л.Оюун-Эрдэнийн өнгөнд Х.Баттулгын гэм буруу алсран бүдгэрч, төмөр замын төслийг 16 жил гацааж 18,5 тэрбум долларын ашиг хаасан хорлон сүйтгэгчээр Ц.Элбэгдорж тодров. Сонгуулийн өмнө бичсэн нийтлэлдээ хариу хүсэж дахин байршуулав. Элбэгдорж төмөр зам гацаасныг баримтаар нотолно уу)


Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол

“Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” гэх үгийн эзэн болж олондоо үлгэр үзүүлэхийг ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэдээ ерөөе. Та сонгуулийн өмнөх эгзэгтэй үед С.Зоригийг хөнөөсөн этгээд нь Ц.Элбэгдорж гэх үнэмшил нийтэд шингээж дөнгөсөн. “Элбэгдорж Зоригийгоо алчихсан юм байна шүү дээ” гээд нийгэм үелзсэн. Ерөнхий сайдынхаа үгэнд итгэхгүй бол өөр хэний үгэнд итгэх билээ. Хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зориг бол монголчуудын маш эмзэг шарх. Захиалагч, гүйцэтгэгчийг олох-26 жилийн цөхөршгүй хүлээлт. Ийм хөндүүр сэдвээр ерөнхий сайд, МАН-ын дарга болчимгүй үг унагах ёсгүй гээд хатуу итгэх-буруугүй. Буруугүйгээр үл барам итгэх ёстой. Бүр итгэх үүрэгтэй. Хэн хөнөөснийг эцсийн эцэст Оюун-Эрдэнэ олж. Овоо шүү. Олж мэдсэнээ нуулгүй шууд зоримог зарласан ерөнхий сайддаа-С.Зоригт хайртай хүн бүр над шиг баярласан байх.

Нотолгоогоо цаашид угсруулан барьцаа лавшруулж, Зоригийгоо Элбэгдорж хөнөөснийг шүүх тогтооход тусал ерөнхий сайдаа. Та Элбэгдоржийг гүтгээгүй нь лав. Ямааны мах халуун дээрээ гэдэг-Зоригийг алсан Элбэгдоржид үйлдсэн нүглийг нь хүлээлгэж зон олноо амраа. Нотлох баримт Танд хангалттай учраас пал хийтэл зарласан байж таарна. Засгийн тэргүүн, МАН-ын даргын үг-үйлдэл хөдөлшгүй нотолгоотой байгаа. Элбэгдорж Зоригийг алаад, Шүүхийг базаад, Эрдэнэтийг халааслаад өөр юу юу ч билээ санасандаа хүрээд төрийн есөн хөлт цагаан тугаа тойрч дэлсэн гэж Та гоё хэлсэн. Ийм зангаргатай дүгнэлтээс буцах гарц Танд байхгүй. Эрдэнэтийн 49-ийг дотоодоос гадагш гаргаагүй, гадаадаас дотогш оруулсан хулгай тул аллагаа Элбэгдорж хүлээсний дараа бичье.

Хэлсэндээ хүрэхийг би яагаад Танаас хүсэв гэвэл Та М.Энхболдыг манан мафийн загалмайлсан эцэг гэж спикерийн сэнтийнээс нь буулгасан ч хулгайг нь сөхөлгүй орхисон. Манан мафийн толгойлогч өдгөө ямар ч шийтгэлгүй хээвнэг заларч явна. Түүн лүгээ Элбэгдорж гэгч алуурчин гэмт хэргүүдийг сонгуулиас хойш бүү таг мартаарай. Мораль бичдэг зохиолчийн зорилго иймхэн. Үгэндээ хүрдэггүй та нар намайг хашраажээ. Дүү нар минь үгээ сайтар тунгааж байж хэлж бай. “Хуулийнхан М.Энхболдыг хамгаалахаар УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг баривчилж, гишүүдийг дуудаж хэрэгт холбогдуулна гэж заналхийлж эхлэв” гэж Та телевизээр гөрдсөн! 

(“Ачит Ихт”-ийн П.Цагаан хүүтэйгээ, мөн Дотоод цэргийн командлагч Р.Чингис дүү Р.Саруултайгаа засгийн газрыг огцруулах жагсаалыг санхүүжүүлж буй. Ц.Элбэгдорж Таван толгой ордыг хувьдаа авах гэж үймүүллээ гэх хуумгай мэдэгдэл Та дахиад л цацав. Ард түмний захиалгат таван хүү-та нарын сүрт цуглааныг олон тэрбумаар санхүүжүүлснээ Эрдэнэс таван толгойн захирал асан Б.Ганхуяг шоронгоос захидлаар мэдэгдсэн).

С.Зориг үрэгдэхийнхээ өмнө элдвээр зүхүүлсэн. Эдүгээ Элбэгдорж, Бат-Үүлийг зүхэж буйгаас илүү юү гэхээс дутуугүй харааж байв хөөрхийг. Ерөнхий сайд, МАН-ын даргадаа зориглон сануулахад сонгуулийн дараа АН-тай олонх цөөнх болчхоод Зоригийг Элбэгдорж алсныг тогтоохгүй, юу ч хэлээгүй мэт дөл царайлав. “Хардсан юм. Хардах эрх надад бусдын адил бий” гэж улаан цайм ноцуузай. Системийн авлига гэл үү? Учирч байгаагүй барууны аюултай эрэмгий тэмцэгч Таныг байдгаараа дэмждэг хүний хувьд хэлсэн үгийнхээ эзэн болдгоороо манлайлахыг гуйя. Таныг сонгуульд оноо цуглуулахаар гүжирдлээ гэх пиар явж л байна. Та хэлснээ нотлохгүй аваас гүтгэлэгтээ ял сонсох хуультай. Хуулиар амьдарч сур дүү нараа.

Таны энэ айхтар мэдэгдлийн дараа ардчиллын анхны хэдийг амьтны адаг, адсаганы шороо гэх зүхэл МАН-аас, бүр АН-аас ч садрав. Гэлээ ч Элбэгдоржоос болж би ардчиллаа хаях зохиолч бишээ. Содномдаржаа Чимгээ хоёрын аллага гэгчид итгэл төрөхүйц баримт огт байдаггүй-ийм болхи гүтгэлгийг ямар тэнэг зохиож, ямар тэнэг үнэмшив ээ гэмээр ч гурван шатны шүүхэд итгэх мөн л бидний эзэмших үүрэгтэй хүмүүжил.

Нүүдэлчдийн коммунаас ардчилал эхлүүлсэн босогчдыг С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар оройлсныг худал гэж маргах хүн байхгүй биз. Тэгтэл тэдний нэг нөгөөгөө нухсан гэх ерөнхий сайдын эрс хатуу мэдэгдэл хирд хийлгэв. Тэд нэг зорилготой журмын нөхөд. Элбэгдорж ардчиллын андаа бус Мэндийн Зэнээг хорлов гэвэл өөр сонсогдоно. Элбэгдорж өөдгүй амьтан аж. Ерөнхий сайдаа, түгээсэн дуулианаа нотол. Эс нотолбоос хэн болох вэ Та! Дураар дургихыг хазаарлагч хуулийн дор ажиллаж сур. 35 жилийн өмнө буурай Монголын эрх чөлөөний төлөөх давлагааг хошуучилсан жаалууд өдгөө үзэн ядалтын бай болж. Уулзсан эхний хүн тэднийг зүхэх юм. С.Зоригийг хөнөөсөн алуурчны чихнээс чирч авчраад цаазын тавцанд сөхрүүлнэ гэх мэдэгдэл тоглоом биш. Ноцтой хөндүүр сэдвээр наргиагүй нь лав. Тийм гавьяа байгуулсан намыг сонгохгүй яах вэ. 26 жил тэсэж ядан хүлээсэн эмгэнэлт агшин шүү дээ.

“Ардчиллыг дэмжигчид С.Зоригийг алаагүй, араандаа зуугчид хөнөөсөн” гэж молхи толхи би 26 жил дотроо сэрдэнгүй явтал Элбэгдорж журмын нөхрөө алсныг ерөнхий сайд, МАН-ын дарга Оюун-Эрдэнээс мэдээд хямрав. Үхэх ч яахав-хугацаа нь болсон тул гомдолгүй. Харин ардчилалдаа харамсаад нойр хулжсан нь мэдээж зөнөснийх. Юу ч гэхэв дээ Элбэгдоржоо. Чи ардчиллыг хөнтрөв. Чамтай нэг үзэлд багтаж явсандаа ичиж байна. Лам хувраг удмаа хөнөөлгөж, нударган гэж хавчигдсан айлын нулимстайгаа холилдож өссөн отгон хүү би 1990 оны ардчиллыг сэдэгч хэдэн жаалд хөл газар хүрэхгүй баярласан буурай нарын нэг. Ардчиллын анхдагчаар бахархдаг зохиолч би насны эцэст нүүрээ хийх газаргүй явна. Ерөнхий сайдынхаа мэдэгдлийг үнэмших үүрэгтэй. Тийм ёс зүй-биднийг хөтлөгч гэгээрлийн чиг. Надаас захын тролл “алуурчин Элбэгдоржийгоо хар” гэж ам асууж байна. Мөр зэрэгцэн тэмцэж явсан хамтрагчаа устгахыг захиалж буйг, гүйцэтгэгч нь хутгалж буйг шидэт херо Баатарын ээлжит цувралаар харах л үлдэв. Мэдэгдлээ нотлооч ерөнхий сайдаа! Монголд үнэн ялахыг үзээд МАН-аа шулуудсан итгэлээр дагая. Итгэл даах хүчин үгүйлэгдээгүй гэж үү.

Ард олон дүнхүү бол хулхидахад эрсдэлгүй

Анхны цасанд бээрсэн улиасны шар навч жиндүү салхинд мөчрөөсөө зүүгдэн төгсгөлөө зарлан дорой авиа шивгэнэнэ. Зөв гэж бодсон болгон буруудаад буй үхжилттэйгээ өвгөн би эвлэрэхийг хичээнэ. Өтлөхийн далайд зүдэж хэвтэхэд тэрбум их наядын хулгайнууд сульдаачлаа. Эрх баригчдын залийг гадарлах тусам даралт ихсэнэ. Монголчуудаа ухаажаасай гэж шанална. Оюунлаг шударга залуус яралзаасай гэж мөрөөднөм. Монголоо өөд татах лидерүүдийг яасан их хүснэм бэ. 

Ная гарч амь нас хутагны ирэн дээр яваа буурайг авилга хулгайн дуулиант шившиг тугдайлгах янзтай. Тал харваж тарчлалгүй, бүтэн харвая гэж бодомчоо аядав. Өөрт хамаагүй юмны төлөө харвах-зохиолчийн шизоо л доо. Миний юугаар ч солихгүй үнэт зүйл-коммунизмээс ардчилалд шилжих хүсэл. Аль ч намынх бай ирээдүйтэй нөхдөө мөр дээрээ тээглэлээ гээд сорчлон намнах-Монголоо гэх холыг харсан бодлого бус намаа, амиа хичээсэн явцуу улстөр гээд би дургүй.

Нүүрсний хулгайчид нэрээ зарлалаа гэж уурлаад юун ял сонсох-намаа самрах янзтай. Лам олдохгүй бол буцахдаа залъя гэгчээр МАН дахиад ялаасай гэж би залбирав. МАН-д сайндаа бус АН ялаад Женко ерөнхий сайд болохоос айсан минь тэр. В.Путины хаанчлал 6 жилээр сунасных танк их буу, мухар төмөр зам, хорлон сүйтгэгчид гэх мэт зөвлөлт хүлээсэнд дахин баглагдана. Х.Баттулгын цүнх барихыг эрсдэлгүй баяжих тусгай бизнес гээд улстөрч залуус хошуурч буй юм байх. Эрсдэлгүй гэдэг нь шоронд орохдоо тулбал ард нь Алтангэрэл сайд, оройд нь Оюун-Эрдэнэ ЕС, цаана нь орос ах В.Путин. Догь байгаа биз.

Төрд мөнгө байдаггүй. Намуудын шуналд бузартсан татвар төлөгчдийн хэдэн цаас л бий. Төр засаг хулгайчдаар хохирлоо төлүүлэхийг шимтдэггүй. Яагаад гэвэл өөрсдөө хулгайлдаг. Авилгаар алдаршигч-олны танил цуутай “од”-уудыг УИХ-даа байнга залдаг ард гавалт, барлаг заяат хөлдүү сонгогчид гэстэл шударга ёс ялахгүй. Хаширдаггүй, ухаардаггүй цагаан мангарууд-бүх сонгогчдын талаас илүү нөхцөлд яах вэ? Хулгайтайгаа тэмцэх үү, тэнэгтэйгээ тэмцэх үү? Зөнөсөн зохиолч хоёр дахийг сонгов. Мэдрэмжгүй дүйнгэчүүдийн дунд хулгайгаа нуух шаардлагагүй ч бүтэн ухаантай нь ажиг аваад, сүйрүүлж буй даварсан луйварчдаа шоронд хийж, шонд өлгөе гээд жагсана, өлсөнө, бүр шатах гэж өвчигнөнө гээч. Тэглээ ч нөгөө луйварч хулгайч авилгачид дахиад л сонгогдоно.

Шүүмжлээгүй дутагдал Монголд үлдээгүй ч засарсан дутагдал байхгүй. Эмгэг илааршихгүй бол энэ тэндээс идээ бээр илрүүлэх гэж хайхын хэрэг юу билээ. Хоосон үглэл өгөөжгүйг бүгд мэднэ. Үр дүн гарахгүй бол жагсаад ч утгагүй. Би бодож бодож нэг дүгнэлтэд хүрэв. Тэр нь “мулгуу олныг хулхидахад эрсдэлгүй нь хөгжлийн гол түгжээ” гэх гутрал. Хулхидуулаад байвал хөгжих байтугай сэхэх ч үгүй. Бүү тэмц, эв эеэ хичээ гэж хэн хэн ятгана-тэд мулгуучуудыг хулхидаж сул ашиг ууталдаг монжоочид. Төр засгийн ноёлох оргилоос тэд дүнхүү ард түмнээ хулхиддаг. Монжоочид буруутай ч тархиа цэнэглээгүй мулгуучуудыг өмөөрөх гал ассангүй. Илрэхгүйгээр нуусан ноцтой луйвар хулгайн мөр мөшгөх тэнхээ барагдав. Улиг болтол шүүмжилснээ засрахад дэм өгөх “том” санаа л надад үлдэж. Том санаа маань хөндсөн буглаагаа ариустал янших! 

Би юу юу гэж донгосдог билээ сийрүүлье: Утаагүй гэгч зуух түлшинд хий дэмий үрдэг олон тэрбумаа хэдэн жил утаан дундаа гүрийж нөөцлөөд (тэртэй тэргүй үхэж буй хойно) нөөцөлсөн мөнгөөрөө сантехникийн шугам гэр хороолол руу тавивал ойртсон хоолойноос айлууд салаалаад хашаандаа оруулчихна. Халуун хүйтэн ус, халаалт, бохиртоо өрхүүдээс авах төлбөрөөр зардлаа яваандаа нөхөөд, хот хорт утаанаас үүрд сална гэж 2000 оноос би үглэсэн. 

Монголчууд хээл хахуульд дургүй гэж ханхалздаг ч алгаа сэм тосдог өөдгүй зантай нь үнэн шүү. Төрийн түшмэдийг авилгад донтсон гэхэд хилсдэхгүй. Тэд тийм хэмжээнд ялзарчээ. Бид хахууль авдаггүй хатуу зантай бол гадна дотны авилгачид даврахгүй. Энүүхэндээ шивэгнэхэд бидэнд хэн ч хүчээр хээл хахууль тулгаагүй. Арван лангийн ембүүнд алгаа тосдог аав уу даа, хорин лангийн ембүүнд хормой тосдог ээж үү дээ гэх дууг оргүйгээс зохиосонгүй. Энэ дууны үгээр бол алга тосдог ичгүүртэй зан муу нэрт ардчиллаас үүсээгүй бүр эртнийх байх нь.

Энэ бузраа цөм хаяя. Авилгад алга тосохгүй амьдрах-хүн өөрөө ганцаар бие даагаад больчих хувийн жижиг дутагдал. Авилгагүй гүрэн болж чадаж гэмээнэ өгөөж-ёнцгор. Ийм ил боломжийг яагаад ашиглахгүй алга тосдог шуналд бүдчиж, өөрийгөө, эх орноо хорлоно вэ. Бүтэн ухаантай бол ингэмээргүй еэ. Алга тосдог монгол гутамшиг-алдагдалд өм цөм унагаж буйг нийтээр мэдрээд бухимдаж буй нь олзуурхам үзэгдэл. Дарангуйлалд эмзэглэн “ёо” гэвэл эсэргүүн болдог коммунизм-жагсдаг ардчилалд хувирсан нь доройтол бус дэвшил. Бусармагтаа бухимдах-эрүүлжиж буй явц. Нийгэм эрүүлжиж байна гэдэг иргэд ёс зүй, үйл ажилдаа шүүмжлэлтэй хандаж буйн илрэл. Сайн талаа магтаж хөөрцөглөхөөс урьтаж муу талдаа эмзэглэж, эмчилбэл нийгэм эрүүлжинэ. Энэ бол шог зохиолчийн хөтөлбөр. 

Монголчууд ажлаа чанарын өндөр түвшинд хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр тэмүүлдэг болсноор өөрийгөө магтах бус өөрийгөө голж, өөрийгөө өөд татаж эхлэв. Ялангуяа залуус найрамдал-дружбаг сохроор бишрэгч хөгшид биднийг голж, шинжлэх ухаан технологийн зууны ажил хэрэгч бизнес өөд эргэлт буцалтгүй тэмүүлэх боллоо. 

Нас нь хэтэрсэн станцууд унтрахад 1,7 сая оршин суугчтай хот 40 хэмийн тэсгим жаварт тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллынхаа үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутагны ирэн дээр өвөлждөг. Багануурын станц бол эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл байв! “Сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, үл харагдагч ноён нь Ц.Даваасүрэн сайд байв. Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдсэн. Ингэснээр орос олигархиудын цахилгаан манай руу саадгүй урсав. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Монголд маш чухал төслийг гацаах цуурхлыг төр засаг огт хайхраагүй. Биеэ үгүйлдэггүй би бичиж зөнөгөө дуудуулж байлаа.

Хамтдаа хожьё гэдэг хаяа хатгасан аугаа хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчвал Ц.Даваасүрэн хотойхгүй ч хүн ам нийтээр хохирно. Дэлхийн хоёр дахь эдийн засагтай бөөр нийлэн айлсах учрал-ховор боломж. Хятадгүйгээр Монголоо төсөөлөөд үз. Нүүрсээ дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд хэдээр зарахаа бод. Нүүрс зэсийн орлогогүй болбол бид хэцүүднэ. Айдас арилах яагаа ч үгүйг В.Путин харуулж буй цагт-юм л бол хужаа гэж онголздог чинь уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана гэдэг болоод байна. Урд хөршөө хажаад хөндийрүүлбэл бөмбөрцгийн бөглүү мухарт нүднээс далд ганцаардна шүү. 

Нас сүүдэр хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авдаг. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд чадамж өндөр шинэ технологиор сүпер эх үүсвэр барихыг гацаадаг. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. Багануур нэг кВт цахилгааныг ОХУ-аас импортолж буй тарифаас хямдаар төвийн бүсэд нийлүүлнэ. Багануурын станц ашиглалтад орсон бол цахилгаан дулаанаар өдгөө ингэж доголдоогүй.

Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэсэн...

Үжирсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих манай төслүүд аварга саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! Гайхалтай. Мөн III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэв. Багануур-ДЦС алсарч үжирсэн станцуудаа өндөр үнээр сэлбэх дараалсан хагалбаруудын төлбөр, хулхи сэлбэгүүдийн үнэ, эрчим хүчний хэт өндөр өртөгтэй нийлээд хойшоо урсав. В.Путин Халх голын 85 жилийн ойгоор дуулиантай зочлохдоо III ДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгаад буцлаа.

Газрын баялаг-ард түмний өмч гэж сурталдахад ядуус “Миний өмчийг 30 гэр бүл хулгайлчаагүй бол би тансаглах байж” гээд анхилгүйгээ зөвтгөж өөрийгөө өмөөрдөг. “Хамаг мөнгөө оффшорчдод алдчаад шараа тайлж чадахгүй тарчилж явна” гэж өвгөнтийн архичид уйлдаг. Тэдний энэ гоморхлыг улс төрчид дөрөөлж, газрын баялгийг хулгайчдаас булааж аваад та нарт үнэгүй өгнө гэдэг. Эрдэнэтийн 49 хувийг хулгайч нараас булаамагц гүйж очоод хувиа шууд өвөртлөх юм шиг бөөн хөөр явсан ард цөөнгүй. “Газрын баялаг миний өмч” гэж бүү онгир. Онгирохоосоо өмнө төр хувийн хэвшлийн хоршил-ухаалаг менежментээр намын санхүүжилт гэх дээрэм, тэрбумын шахааг устгаж, төрийн өмчит компаниудын улсад тушаадаг татвар суга өсөөсэй гэж залбир. Эрдэнэтийн ашгийг эрх баригч нам бүү хамчаасай гэж мөргө.Шахаанд өөрийн өмчөө өм цөм алддаг хувийн хэвшил гэж байдаггүй. Авилга шахааны үүр-төрийн өмчит компаниуд хувьд очвол газрын баялгаас иргэдийн хүртэх хувь өсөх учиртай. Хулгайчдын нүдэнд төрийн өмчит компаниуд социализм л харагдаж байгаа. Нийтийн, төрийн гэх эзэнгүй өмч оршиж буй цагт хулгай тасрахгүй.

Одооны хэллэгээр баялаг бүтээгч, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой төр засаг даашгүй татвар хүнд суртлаар хавчаад, дарга сэтэртэнд төсвөөс шомбодох, мөн авилга хулгуулах завшаан олгож, даргад хорхойсдог монгол хуучийг сэдрээчхэв. Даргаас давах бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ. Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх уран санаа уугьж эхэлмэгц мангуу төр засаг нь унтраагаад даргын бизнесийг асаачхав. Ингэсэн нөхцөлд яс мах цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй яах билээ. Хөлс гаргаж баялаг бүтээх дургүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь төр нь данхайхгүй яах вэ. Ингээд баялаг бүтээгчгүй “даргын Монгол” руугаа буцаад гулсав. Хувийн бизнес хөөж төр засгийн дарамт хавчилгад жаахан хуримтлалаа шатаасан боловсрол чадвартай азгүй залуусыг мөнгө идэх далд эрх дарх бүхий өндөр сэнтий даллан дуудлаа. Бизнес хөөвөл ашиг нь даргынхаас эрс илүү орчин Монголд бүтээгээч. Дарга нарын арми баялаг бүтээгч-баячуудын армид хувирахыг үзэх юмсан.

Хүн яагаад хулгай хийдэггүй вэ? Шоронд орохоос айгаад. Шоронгүй болчвол бид хулгайлахыг үзүүлээд өгнө. Томчуудын хулгай баригдлаа ч ямар ч ял зэмгүй өнгөрдөгт жөтөөрхсөн улныхан хулгай хийж шоронд орох нь олшров. УИХ-ын сэнтийд залрах өрсөлдөөнд баячуудаас эхлээд ядуус хүртэл хуйлардаг. Арга ч үгүй. Тэр сэнтийд авилга хулгай эрсдэлгүй. Хариуцлага хүлээх, ял эдлэх, эргүүлэн татагдах-өөрсдийнх нь зохиосон хуулиар гишүүдэд үйлчлэхгүй. Нэг үгээр халдашгүй байдлын дархан цаазтай сэнтий. Ийм ид шидтэй сэнтийн төлөө уралцахад ичих багадна. Амь эрсдэхгүй бол дээдийн заяа. 

Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй мухар сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон нь хэзээ ч мэдэгдэхгүй замхардаг бол гишүүн болсон эсэх санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох эргэлзээтэй” гээд “гишүүн болъё” гэнэ. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. УИХ-ын гишүүнд горилогч сонгуулийг татвар төлөгчдөөс цугларсан мөнгөнөөс хумслах өнцгөөс хардаг. Бурхан хулгайлах луйвардах эрхгүй, гишүүний хажууд жижиг гар. Буян бус нүгэл үйлдэж байж гишүүн болдог нь жаахан тийм. Гэлээ ч коммунист зуунд буян нүгэлээ дэнслэх биширлээ ор тас орхисон монголчууд бурхныг нулимаад гишүүний төлөө уралцав. Сонгуульд өрсөлдөнө гэж нохой л хуцаагүй. Хуцсан ч юм билүү. Нохойн хэл мэдэх биш. 

Хаяа хатгасан хоёр том айлынхаа итгэлийг хүлээж чадсан цагт гурав дахь хөршүүдтэй лавхан түншлэх жим зурайхыг 1911 оноос эх орончид минь сүвэгчилж явсан түүхтэй. Хөгжлөө шуурхайлах тэр замд Монгол 1990 онд ороод зөвдсөн байх шүү. Өвгөн миний эдгээр молхи толхи үглэлийг залуус голж басамжлах нь зөв ч-зах зухаас нь ганц нэгийг ч атугай эзэмшвэл зөнөг өвөө нь маш их баярлана. Бичлээ гээд дутагдал засрахгүйгээс хойш хуучнаа л давтав уучлаарай. 

2025-01-12

Эх сурвалж: Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.203)
    Лут хүн шүү. Даанч мунхаг дарга нар ойлгохгүй л дээ.
    2025 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 9 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 1 цаг 10 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 1 цаг 14 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 1 цаг 17 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 1 цаг 19 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 1 цаг 22 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 1 цаг 25 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 1 цаг 28 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 4 цаг 20 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 4 цаг 47 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 4 цаг 51 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 4 цаг 54 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 4 цаг 57 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 4 цаг 58 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 4 цаг 59 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 0 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 2 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 3 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 4 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 5 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top