Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөв.
Өнгөрсөн оны долдугаар сард болсон төрийн тэргүүний сонгуулийн дараа 6 сар үргэлжилсэн зөрчил маргаан, олон улсын шүүмжлэлийн эцэст баасан гаригт дахин Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Энэ нь Мадурогийн хувьд Венесуэль улсын төрийн тэргүүний дараалсан 3 дахь бүрэн эрхийн эхлэл болж байна.
Гэвч түүний тангараг өргөх ёслолыг жагсаал цуглаан, шүүмжлэлээр угтав. Жагсаал цуглаан зөвхөн тус улсад төдийгүй Испани, Чили, Эквадор, Мексик, Эль Сальвадор зэрэг улсад болжээ. “Мадурогийн Засгийн газар улс төрийн идэвхтнүүд болон сөрөг хүчний улстөрчдийг хэлмэгдүүлсэн, сонгуулийн луйвар хийсэн” гэж тэд шүүмжилж байна. Өмнөх түүний бүрэн эрхийн 12 жилийн хугацаанд тус улсад эдийн засаг, нийгмийн гүн хямрал нүүрлэснийг хэвлэлүүд дурдаж байна.
Олон улс Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Испани руу зугтсан Эдмундо Гонзалесийг үнэмлэхүй ялалт байгуулсан гэж сөрөг хүчнийнхний мэдээлснийг дэмжин, түүнийг төрийн тэргүүн байх ёстой хэмээв. Николас Мадурог тангараг өргөхийн өмнө сөрөг хүчний улстөрчид, тэдний дотор Гозалесийг хүчтэй дэмжиж байсан гол холбоотон Мария Корина Мачадо хулгайлагдан, богино хугацаанд баривчлагдсаныг эш татан шүүмжилж байна.
АНУ-ын удахгүй ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар 2020 онд Мадуро болон Венесуэлийн бусад албаны хүмүүсийг хар тамхи, авлигын хэрэгт буруутгаж, баривчлах мэдээлэл өгсөн тохиолдолд нөхөн төлбөр өгөхөө амлан, хэмжээг нь өсгөөд байна. Мөн тэдэнд хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ.
Гэвч Мадуро өөрт нь үүсгэсэн хэргийг няцааж байгаа юм. Тэрбээр "АНУ-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа Засгийн газар биднээс хэрхэн өшөө авахаа мэдэхгүй байна" гэж тангараг өргөх үеэрээ хэлсэн байна.