Канад улсад залилангийн хэргээр нэг жилийг гэрийн хорионд өнгөрөөсөн Хуавэй компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг Хятад улс сүр дуулиантай хүлээн авч, түүнийг баатар хэмээн магтжээ.
Хуавэйгийн санхүүгийн захирал, үүсгэн байгуулагчийн охин Мэнг 2018 оны Арванхоёрдугаар сард АНУ-ын хүсэлтээр Канадын эрх баригчид баривчилж байв. Удалгүй Хятад улс Майкл Спавор, Майкл Ковриг гэсэн Канадын хоёр иргэнийг саатуулсан юм.
Гэхдээ барууны орнууд Хятад улс хоёр Канад иргэнийг шоронгоос суллаж, 1030 хоногийн зөрчилдөөнийг эцэс болгосныг ихэд болгоомжтой хүлээж авч байна. Бээжин гадаадын иргэдтэй харилцахдаа зоригтойгоор хэлцэл хийх хүсэлтэй байгаа нь тэдний анхаарлыг ихээр татав.
Жорж Вашингтоны Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хятадад мэргэшсэн хуулийн багш Дональд Кларк хэлэхдээ "Хятад ямар нэгэн нууц үйлдлээ хаацайлж, давхар нүүдэл хийж байгаа юм биш, шулуухан наймаалцсан үйлдлээ үзүүлж байгаа хэрэг юм" гэв.
Энэхүү солилцоо нь Вашингтон, Бээжингийн хоорондын хурцадмал байдлыг хямралын цэгээс буцаахад тусалж магадгүй. Гэхдээ энэ нь илүү гүнзгий асуудлыг шийдвэрлэхэд бараг л тус болохгүй болов уу.
Ерөнхийлөгч Байден Цагаан ордонд Австрали, Япон, Энэтхэгийн удирдагчидтай анх удаа уулзаж, Хятадын нөлөөг эсэргүүцэх холбоо байгуулах хүчин чармайлт гаргаж байх яг нэг өдөр тус хэрэг давхцаж таарав.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com