Талибанчууд Засгийн газрын хэд хэдэн албанд шинээр хүн томилсон ч албан ёсоор зарлахаа больсон байна.
Тодруулбал, Талибан хөдөлгөөн доторх маргаанаас болж шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлах тов хойшилсон гэх мэдээлэл байна. Гэвч тэдний хэвлэлийн төлөөлөгч уг мэдээллийг няцаалаа.
Талибан нь улс орондоо энх тайван тогтвортой байдлыг тогтоохын тулд Засгийн газраа удахгүй эмхлэн байгуулахад ихээхэн чармайлт гаргана гэсэн байр суурьтай байгаа юм.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч ням гаригт Кабулд Талибан хөдөлгөөний эрх баригчидтай уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Талибаны эрх баригчид НҮБ-ын Хүмүүнлэгийн ажилчдыг аюулгүй нэвтрүүлэх, Афганд чөлөөтэй ажиллах эрхийг нь хангахаа мэдэгдсэн байна.
Харин НҮБ-аас ирэх долоо хоногт Афганд хүмүүнлэгийн тусламж оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.
Одоогоор Афганистанд дотоодын нислэг үйлдэгдэж байгаа бөгөөд Катарын илгээсэн техникийн баг Кабулын нисэх буудлын аюулгүй байдлыг хангаж, улс орнуудын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч байгаа аж.
Мөн Афганистанийн их сургуулиуд үйл ажиллагаагаа сэргэж, оюутнуудаа хүлээж авч эхэлжээ.
Гэхдээ оюутнууд нь эрэгтэй, эмэгтэйгээрээ хөшгөөр тусгаарлагдаж хичээллэх, эмэгтэй оюутнууд толгойн нөмрөг заавал зүүх, эрэгтэйчүүдээс тусдаа хаалгаар орж гарах, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй багш хичээл заах зэрэг журам хэрэгжиж байна.