Хамгийн багадаа найман хүний аминд хүрсэн гал түймэртэй тэмцэж байгаа энэ үед Европын Холбоо Турк руу гал унтраах гурван онгоц илгээжээ.
Тус улсын өмнөд хэсэг Анкарад гарсан хээрийн түймрийг унтраахад дэм болохоор Европын Холбооны Иргэний хамгаалалтын механизмын зөвшөөрлөөр Ням гаригт Хорват, Испанийн гурван онгоцыг дайчилжээ.
Түүнчлэн Орос, Украйн, Азербайжан, Иран улсууд Турк руу усан бөмбөгдөгч онгоц илгээсэн байна.
Турк улсад гарсан түймэр өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн бөгөөд одоо Анталия, Бодрум, Мармарис хотуудад аюул учруулж байгаа бөгөөд ням гаригийн байдлаар олон зуун жуулчид, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Мөн зам ашиглах боломжгүй тул 1100 гаруй хүнийг завиар нүүлгэн шилжүүлсэн гэж Бодрум хотын захирагч Ахмет Арас хэлжээ.
Зөвхөн Мугла мужид түймрийн улмаас найман хүн амиа алдаж, нийт 10,000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Нийтдээ 30 гаруй мужид гарсан 129 түймрийг унтраасан байна. Тус газарт 4000 гаруй гал сөнөөгч ажиллаж байна.
Туркийн Хөдөө аж ахуйн сайд Бекир Пакдемирли түймэрт нэрвэгдсэн хотуудын нэг Милас хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид 40 хэмээс дээш температуртай, маш хүчтэй салхитай өдрүүдийг туулж байна" гэлээ.
www.euronews.com