Пол Норитака Танге 2020 оны Токиогийн Олимпийн усан спортын төвийн зураг төслийг боловсруулах эрхийг авчээ. Түүний хамгийн түрүүнд хийсэн ажил бол аавынхаа, хувьсгалч Прицкерийн шагнал хүртсэн архитектор Кензо Тангегийн газар дээр зочлох явдал байв.
"Би ч бас үүнийг хийх хангалттай хэмжээнд өссөн гэдгээ аавдаа хэлмээр санагдлаа. Түүний байгуулсан алба одоо хүртэл ажилсаар байгаа" гэж 63 настай Пол 2005 онд 91 насандаа таалал төгссөн эцгийнхээ тухай дурсан ярив.
Тэрээр "Бид дэлхийд Олимпийн байрыг зохион бүтээсэн цорын ганц аав, хүү хоёр гэдэгт итгэж байна. Аавыгаа бишрэн хүндэтгэх үнэнхүү хүчтэй энэ мэдрэмж бол миний энэ усан спортын стадионыг урлахыг хүссэний нэг хэсэг юм" гэлээ.
Түүний аав Танге үндэсний биеийн тамирын Ёёоги заалыг 1964 оны олимпын усан сэлэлтийн талбай болгон шинэчлэн барьжээ. Түүний эрмэг хөвөгч дээвэр болон хошуу нь Японы сүм хийд, дүүжин гүүрийг дүрслэн дүнхийсэн нь дайны ялагдлын дараа Япон дэлхийн тавцанд ялгуунаар эргэж ирсний бэлгэдэл болоод зогсохгүй Ази тивийн анхны Олимп байсан юм. Түүний бүтээл Ази тивийн үймээн самуунтай үеийн амилалт, шинэчлэлийн яруу тэмдэг болж байжээ.
Харин 2021 оны Япон бол олон жилийн турш эдийн засгийн хямралтай тэмцэж ирсэн хөгширсөн үндэстэн бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй, өндөр байшин барилгаараа тэс өөр газар болсон. Дахин төлөвлөлт, тогтвортой байдал нь Полын цар тахлын сүүдэрт дарагдаж буй энэхүү наадмыг зохион байгуулах газрыг зохион бүтээсэн тарни юм.
Гэсэн хэдий ч Пол барилгыг бүтээхдээ Жэки Чан болон телевизийн самурай жүжигт дуртай, дэлхийн өнцөг булан бүрт байгаа барилгын талбай дээр амралтаараа гэр бүлээ дагуулж очдог, ажлаасаа оройтож ирдэг ажилдаа чинхүү дуртай ааваасаа сурсан зарчмуудыг ашигласан гэсэн юм.
Тэрээр "Аав бид хоёр ихэвчлэн Tange төслийн барилгын талбай дээр зочилдог байлаа. Хоолны үеэр архитектурын талаар ярилцдаг байсан" гэлээ.
Үргэлжлүүлэн "Би үнэхээр архетиктур болмоор байгаа юм байнаа гэдгээ мэдэхээсээ ч өмнө аавтайгаа ижил замаар явахыг хүсч байсан. Хар аяндаа л бяцхан тархинд минь кодлогдчихсон байсан зүйл л дээ. Эцсийн эцэст өдөр тутмын амьдралд бүх зүйл архитектур байсан" гэсэн юм.
Швейцарь, Харвардад боловсрол эзэмшсэн, хүү Танге нь 1985 онд сургуулиа төгсөөд эцгийнхээ фирмд анх ажилд оржээ.
Тэрээр "Тэр үеэс хойш би түүнийг "Мастер" гэж харах болсон. Би хэзээ ч түүнээс илүү гарах боломжгүй байсан. Тиймээс би өөрийнхөө арга замыг олох ёстой байсан" гэв.
Кензо Токио даяар ул мөрөө үлдээсэн ч гэсэн Ёёоги спортын ордон нь зарим талаар түүний алдар оргил хэвээр байв. Жилийн дотор зураг төслийг нь гаргаж, 18 сарын хугацаанд барьсан тус ордон 1964 оны наадам эхлэхээс сар гаруйн өмнө ашиглалтанд орж байжээ.
Гэхдээ Кензо тухайн үед хувьсгалт дизайныг бодит болгохын тулд асар их эргэлзээг даван туулах хэрэгтэй байв.
Пол хэлэхдээ "Энд манай аавын болон түүний хамтран зүтгэгч олон эрчүүдийн ажлын өрөөнд нь макет руу ширтэж байгаа зураг байна. Нэг нэгнийхээ араас шил даран ирэх олон саналуудыг сөрж, бодит болгох тухайн үед хамгийн хэцүү нь байсан гэдэг.
Үндсэндээ тэр үзэгчид бие биенээ харж чадахуйц том орон зайг зорьж, эв нэгдэл, сэтгэлийн хөөрлийг нэмэгдүүлэх, ингэснээр тэрхүү үзэгчдийн уур амьсгал тамирчдад дамжиж, илүү сайн үр дүн гаргахыг зорьсон" гэлээ.
Өөрийнхөө цэнгэлдэхэд залуу Танге ижил үзэл баримтлалыг хулсны ойг санагдуулам шугаман дээр тавьж, усанд сэлэх, өрсөлдөхөд илүү тохиромжтой дизайныг усан сэлэгч мэтээр төсөөлж, гаргахыг хичээжээ.
Гэхдээ аав хүү хоёрын хамгийн том ялгаа нь хандлагандаа байгаа юм.
Хирошимагийн энхтайвны музей болон Токио хотын захиргааны ордны зураг төслийг гаргасан ахмад Танге бараг "үндэсний архитектор" байсан бөгөөд хэмжээ нь таарч тохирсон байсан гэж түүний хүү болон бусад мэргэжилтнүүд хэлж байв.
Ёёоги нь дайны дараах ажил мэргэжлийн үеэр АНУ-ын цэргүүд байрлаж байсан цэргийн парад болж байсан газар гэдгийг түүх хэлдэг.
Чибагийн Их Сургуулийн хот тохижилтын дэд профессор Сайкаку Тоёокава "Ёёоги цэнгэлдэх хүрээлэн нь 20-р зууны Япон улсын хувьд ямар утга учиртай болохыг ойлгох хамгийн сайн хэрэгсэл болж өгдөг гэж би боддог. Энэ нь заримдаа Япон дэлхийн анхаарлын төвд байсныг, бусдыг сүйрэлд хүргэж, түүхэндээ харамсаж байсныг ч багтаасан болно" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.reuters.com