Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар сайжруулсан түлшний хэрэглээний талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгад Шадар сайд Ө.Энхтүвшин хариулт өглөө.
2018 ОНД ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД 11,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ
Ө.Энхтүвшин:
-"Нийслэлийн 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоолуудыг баталж, хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалга чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ногоон зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хэмжээ 8-9 хувь бөгөөд хүүгийн татааст гурван тэрбум төгрөг олгохоор байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн төвлөрсөн дулаанд холбох, дэд станцын барилгын ажил хийснээр 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулсан. Амгалан ДЦС-ын хэрэглээг нэмж, 2018-2019 онд жирийн болон нам даралтын 171 зуухыг зогсоож, 24,6 Кватт цахилгаан, 210 нэгжийн барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбосон. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд 11,5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт явж буй 937 орчим автобуснаас 2020 он гэхэд 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг 70 автобус, автобусанд хөө тортог бууруулдаг шүүлтүүр суулгах ажлын эхлүүлсэн.
Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад сайжруулсан түлш, байгалийн хийгээр хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Сайжруулсан түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэж агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг олон улсын байгууллагаас сануулсан байдаг. Боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршлагыг 2014 онд явуулж, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн. Нийслэлд хэрэглэдэг 1,1 сая тонн түүний нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр орлуулах бүрэн боломжтойг ч тогтоосон байдаг. 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай компани байгуулж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж эхлээд байна.
Сайжруулсан түлшний хэрэглээ:
- Сонгинохайрхан дүүрэг- 29 хувь
- Чингэлтэй дүүрэг-16
- Баянзүрх дүүрэг-28
- Хан-Уул дүүрэг -12 хувь
- Сүхбаатар дүүрэг- 9 хувь
- Баянгол дүүрэг- 6 хувийг хэрэглэж байна.
Иргэдийн хувьд орлогын хэмжээ болон жилийн хэрэгцээгээ хангадаг бөгөөд сайжруулсан түлшийг зургаан дүүргийн 332 борлуулалтын цэгт 66 мянга 328 тонн түлш хүргэснээс 25 мянган тонн түлшийг борлуулжээ. Цаашид 464,1 тонн түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 210 мянган картыг тараажээ. Картын орлогоор нүүрсний бодит хэрэгцээ болон иргэдийн хэрэглээ, чанар зэргийг хянах мэдээллийн баазтай болж байгаа. МХЕГ-аас 5365 иргэн, сайжруулсан түлшний найман үйлдвэр, зах, нүүрс борлуулагч нарт шалгалт хийж, мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Шалгалтын хүрээнд 1080 янданг буулгаж, 1561 уурын зуухыг буулгах, зогсоох, сайжруулсан зуухаар солих арга хэмжээ авлаа. Сайжруулсан түлшийг нийт есөн удаа шалгасан бөгөөд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан.
Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, иргэд амь насаа алдсантай холбогдуулан нийслэлийн онцгой комисс хуралдаж, тодорхой чиглэл гаргаж ажиллаж байна. 2019 оны аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд угаарын хордлогын улмаас 77 өрхийн 169 хүн, үүнээс 73 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Энэ өдрүүдэд зургаан хүн, бага насны хоёр хүүхэд нас барсан асуудал туйлын харамсалтай үйлдэл болсон. Аравдугаар сарын 10-ны өдөр 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлоготойгоор эрүүл мэндийн үйлчилгээ авсан.
Сайжруулсан түлш борлуулдаг 17 цэгээс 23 дээж авч, лабораторид тус, тус шинжлүүлж, дүнг нь танилцуулсан. Мөн ОХУ, Солонгос, Япон улсад шинжлүүлэхээр явуулсан. Иргэдэд пийшин зуухны аюулгүй ажиллагаа, зөвлөмжийг тасралтгүй явуулж байна. Засгийн газрын хуралдаанаар 220 мянган өрхөд угаарын дохио мэдрэгчийг ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө үнэ төлбөргүй тараах шийдвэрийг гаргасан. Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар дээр дурдсан ажлуудыг хийж байгаа бөгөөд том, шинэ ажил болж байна. Агаарын бохирдлыг бууруулах бодлогоос Засгийн газар ухрахгүй" гэв..
Шадар сайдын танилцуулга дууссаны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Сүүлийн хэд хоногт 174 хүн эрүүл мэндээрээ хохирсон, онцгой нөхцөл байдал үүссэн гэдэгтэй бид санал нийлэх ёстой. Хүний амь эрсдэнэ гэдэг бол хамгийн харамсалтай зүйл. Улаанбаатарчууд айдастай байна, төр хойрго хандаж байгаагаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Яагаад Тавантолгойн нүүрсийг сонгосон юм бэ. Азот, нүүрсхүчлийн хэмжээ өндөр, хүчилтөрөгчийн хэмжээ бага байхад яагаад сонгосон бэ. Яаж гэр хороололд хэрэглэж байгаа зуух, пийшинд зохицно гэж тооцсон юм бэ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Сайжруулсан түлш хортой гэж байгаатай санал нийлэхгүй. Шахмал түлшний стандартыг 2014 оноос баримталж, 2017 онд үйлдвэр байгуулсан. Шахмал түлшний хэмжээг илүү сайжруулж, хамгийн боломжийн стандарт гэж тогтоосон. Түүхий нүүрсийг шатаахад гардаг байсан хавдар үүсгэгч бодисууд шахмал түлшинд байхгүй. Шахмал түлшийг Япон, АНУ ашиглаж байсан. Гэр хорооллын дийлэнх айл хэрэглэж байгаа. Энэ жил бороо их орсонтой холбоотой ханын пийшинтэй холбоотой бага зэрэг асуудал үүссэн. Ханын пийшингийн хоолойг шавар бөглөөд, зууралдсан нь нөлөөлсөн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-159 хүн угаартсан, цаашид нэмэгдэж магадгүй байхад юунд нь маазраад байгаа юм бэ. Асуудалд мэргэжлийн хандмаар байна. Асуудал үүсвэл хэн нэгэн хариуцлага хүлээлгэнэ. Ц.Даваасүрэн сайд асуудал үүсвэл огцорно гэж байсан. Та огцрох уу. Хариуцлагаа яаж үүрэх юм бэ. Энд хариуцлага хүлээхгүй зарим хүний тархины угаарыг арилгана гэж яриад сууж байгаа Засгийн газрын сайд нар байж болохгүй. Гадаадад явуулсан шинжилгээний хариу ирээгүй байхад яаж зүгээр гэж яриад байгаа юм бэ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
-Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Өнгөрсөн жил 12 хүн угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаад явсан байна лээ. Олон улсын лабораторид шинжилгээ хийлгэхээр өгсөн байгаа. Гэхдээ би дотоодын лабораториудад итгэж байгаа.
Ажлын хэсэг:
-Дэгдэмхий бодис нь хамгийн бага байж болох бүтээгдэхүүн нь Тавантолгойн нүүрс байсан. Бусад найман компанитай судалгаа хийж, газар дээр нь танилцуулж сонгосон. Энэ дундаас нүүрс угаах үйлдвэртэй ганц л үйлдвэр байсан.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Ядамдорж:
-Нийт 86 дуудлага ирснээс таван тохиолдолд хэрэг үүсгэж шалгаж байгаа.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Сайжруулсан түлшний угаарын хийн хордож амиа алдсан хүмүүс дотор нэг гэр бүлийн хоёр хүүхэд өртсөн. Би энэ хоёр хүүхдийн буяны ажилд оролцож, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Би энэ үгийг хэлэхдээ агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын бодлогыг буруутгах гэсэнгүй. Ар гэрийнх нь хүмүүс "яагаад аюулгүй байдлын баталгааг хангаагүй түлшийг тараагаад өгсөн бэ. Энэ чинь химийн зэвсэг өгсөнтэй адил боллоо. Төр, засгийн ажил хариуцсан хүмүүс хариуцлага хүлээхгүй юу. Буруу ажиллагаагаа засъя гэж иргэддээ үгээ хэлэх боломжгүй байгаа юм уу. Өчигдөр дөнгөж хоёр хүүхдээ инээж хөхрөөд явж байхыг харсан залуу эцэг эхийн шок арилаагүй байхад өөрсдийгөө хамгаалах гэж нийтэд ярихын оронд нэг ч гэсэн хүн ирж учирлаж ярьж болоогүй юм уу" гэсэн үгийг хэлж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Үүнд мэргэжилтнүүд тодорхой хариулах хэрэгтэй. Туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан бэ гэж хэлээд байна. Мэргэжилтнүүд туршсан гэдгээ хэлээд өгөөч. Бидний яриа хоорондын маргаан болоод байна. Дүгнэлт гараагүй байхад шуугиулаад байгаа хүмүүс байна. Лабораторийн дүгнэлт гарахаар худлаа гээд байгаа улс байна. Өөрөө дүгнэлт гаргачихгүй яасан юм. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, няц гэж шаардаж шахаад байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг гол асуудал байна. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсэн дээрээ нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан. Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн хоёр хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Би өглөө бүр өдрийн 24 цагийн мэдээллийг авч байгаа. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай. Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувийн бууралттай байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна. Гэр орныхоо асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье.