УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцэж байна. Харин үдээс хойших хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлаар С.Бямбацогт гишүүнээс Засгийн газарт тавьсан асуулгыг хэлэлцэх юм. Мөн бусад асуудлыг цаг сунган хэлэлцэх юм байна.
Тиймээс УИХ-ын гишүүн М.Билэгт хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд байгаа Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үдээс өмнөх хэлэлцүүлэгт оруулах санал гаргав.
Тэрбээр, "Иргэдийг хавдрын эрт оношлогоонд хамруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд 2017 онд өргөн барьж, 2018 онд УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хоёр жил хойш тавьсан энэ төслийг шахмал түлшний асуудлаарх гишүүний асуулгын өмнө хэлэлцүүлж өгнө үү" гэв.
М.Билэгт гишүүний гаргасан горимын саналыг хүлээж авснаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлыг гуравдугаарт бичигдлээ.