Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр болжээ.
Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм.