ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүн холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 8-нд буюу ирэх мягмар гаригт Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. Шүүх хурлыг өглөө 10.00 цагт товложээ.
Б.Хурц, Г.Эрдэнэ бат нарын есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133-р зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн”, “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх хуралдаанаас "Хэргийн нотлох баримт хангалтгүй" хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авбал хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шүүх хурлыг дахин явуулна. Хэрэв шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй гэвэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана.