Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдоод байсан ч дахин хойшилжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан давхацсан, мөн өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг, эмнэлгийн магадлалын хамт ирүүлсэн тул шүүх хурлыг хойшлуулсан тухай Шүүхийн тамгын газраас мэдээлсэн байна.
Шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт дахин товлож, шүүх хуралдаан болох хүртэл Д.Гантулгад авсан хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар "Хүчиндэх" гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.