УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өнөөдөр /2019.10.01/ УИХ-ын даргад өргөн барилаа.
1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 21.1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. Эдгээрээс 14.5 мянган нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3.8 мянга нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилсан хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудлыг хөндсөн байна. Өнөөдрийн байдлаар 2.9 мянган эрэгтэй 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарчээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80.2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж тэтгэвэрээс /374.8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэртэй байна.
Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тусад нь авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэв.