Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубератай өнөөдөр уулзлаа.
БНЧУ-ын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар энэ сарын 2-ныг дуустал Монгол Улсад албан ёсоор айлчилж буй юм. Ноён Ярослав Куберагийн айлчлал хоёр улсын улс төрийн харилцааг өргөжүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтойг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд онцлов.
Монгол Улс нь Чехийг Азийн орнуудтай, Чех улс нь Монголыг Европын орнуудтай холбох чухал гүүр болох боломжтой гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжийг эрэлхийлж, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихээр тохирсон юм. Чех улсад Монголын 9000 гаруй иргэн амьдарч буй. Уулзалтаар эдгээр иргэний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх талаар ярилцав.