А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.09.26/ өглөө 09.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч хойшлууллаа. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх аравдугаар сарын 7-нд 10.00 цагт товлосон байна.
НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарыг төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох төлөвлөгөө зохиосон нь төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон онц ноцтой гэмт хэрэг гэж үзэн, яллагдагчаар татсан юм.
Ц.Сандуй "Ийм яриа болсон ч үүнийг албажуулсан зүйл байхгүй. Схемийг зохиосон Г.Доржзодов ямар ч хариуцлагад татагдаагүй. Татагдаж шүүгдэх ёстой хүний нэг" хэмээн тайлбарласан. Мөн тэрбээр хэргийг шүүх хуралдаанд Г.Доржзодовыг гэрчээр дуудах санал ч гаргажээ.