БНСУ-ын Ойн агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам цөлжилт, элс, шороон шуургатай тэмцэх чиглэлд хамтран ажиллах гэрээг өнгөрсөн баасан гаригт байгуулжээ.
Ойн агентлагаас "Хоёр орон уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулахад идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо" гэж мэдээлжээ.
Ойн агентлагийн дарга Чой Бён Ам одоогоор үргэлжлэн хэрэгжсээр буй ойжуулах төслийн гурав дахь үе шат болсон энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөөлөгчдийн хамт Монголд хүрэлцэн ирээд байна. БНСУ нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын ой мод тарих хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж, 2007-2017 онд 3000 га талбайг ойжуулахад хамтран ажиллаад байгаа юм.
Хоёр талын хэрэгжүүлж буй төслийн хоёр дахь үе шатанд нийслэл Улаанбаатар хотын 40 га талбайг Монголын хуурай, хүйтэн уур амьсгалд тэсвэртэй модоор ойжуулах ажил багтсан юм. Энэхүү ажлын хүрээнд байгуулсан цэцэрлэгт хүрээлэнг нээх ёслолд Чой Бён Ам оролцжээ.
Тийнхүү хамтын ажиллагааны гурав дахь үе шатны хүрээнд хоёр орон ойн түймрийн улмаас сүйдсэн Монголын хойд нутгийн бүсийг дахин ойжуулж, судалгаа, сургалт явуулах найман сая ам.долларын өртөг бүхий төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх ажээ.
БНСУ-Монголын хамтын ажиллагаа нь 2035 он хүртэл говь цөл, тал хээрийн бүс нутгийг дахин ойжуулах Монголын Засгийн газрын үндэсний хөтөлбөртэй нийцэж байгаа юм.
Солонгос-Монголын “Ногоон хэрэм” төсөл нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх замаар байгаль орчны асуудлуудыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг Чой Бён Ам онцлон хэлээд, энэ нь цаашид Зүүн Хойд Азийн орнуудын хувьд үлгэр жишээ төсөл болж, бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.