Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг бөгөөд суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Бамбай хоншоорт могой нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон байна. Могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.
Ерөнхий шинж:
-
Биеийн урт 70 орчим см,
-
Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байдаг,
-
Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг,
-
Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
-
Хүүхэн хараа нь босоо,
-
Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.
Мөн хатгуулсан бол тэр даруй хатгуулсан хэсгийг савангаар угааж, хүйтэн жин тавих бөгөөд заавал эмнэлэгт очих шаардлагатай.
Иргэн та хэрэв нийслэлд энэ могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 323780, 318003 дугаарт хандан мэдээлэл өгөөрэй!