Дөрөв, Тавдугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас, нойтон цас орж хүйтэн сэрүүн байгаагийн улмаас хаврын тариалалтын ажил 4-5 хоногоор оройтож эхэлсэн.
Хаврын тариалалт Тавдугаар сарын 5-наас эхэлж таримлын төрлөөсөө хамаарч Зургаадугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг.
Өнөөдрийн байдлаар тариалангийн ихэнх бүс нутгуудад үр тарианы таримлын соёололт жигдэрч 3-4 хэмийн хүйтрэлийг даах хэмжээнд хүрсэн. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлж байгаа урьдчилсан мэдээллээр Тавдугаар сарын хоёр дахь 10 хоногоос ихэнх бүс нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байна.
Тиймээс хүнсний ногоо тариаланчид цаг агаарын төлөв байдал, орж буй хур тунадасны хэмжээ, өдөр, шөнийн температурын хэлбэлзэл зэргийг сайтар тооцож хүнсний ногооны үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.