Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.7, Ховдын Зэрэг суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Өчигдөр орой Ховд аймгийн Зэрэг суманд 3.9, Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.7 магниутудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, хоёрдугаар сарын 15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэжээ.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, хоёрдугаар сарын 15-ны өдрийн 22:23 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэх мэдээллийг өгчээ.
Сүүлийн үед газар хөдлөлт ойр ойрхон давтамжтай бүртгэгдсээр байна.