Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан тав дахь айлчлал болж байна.
Мөн өчигдөр УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг зөвшөөрсөн билээ.
Тодруулбал, Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн айчлалын үеэр нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд уг зээлийг Монгол улсын төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглах аж.