Ховор амьтанд багтсан хүрэн баавгайг агнаж арьс, савар, толгойг нь хадгалж байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүллээ.
Сонгино хайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У нь 2019 оны аравдугаар сард агнасан байж болзошгүй хүрэн баавгайн түүхий эд болох хоёр метр орчим урт арьс, 4 ширхэг савар, толгойг хамт хадгалж байжээ.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнасан нь илэрсэн тохиолдолд арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-8 жилийн хорих ял онооно.
Хуульд зааснаар, "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөн "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.