Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагчид зэрлэг амьтны хамгааллын мониторинг хийхэд зориулсан орчин үеийн багаж хэрэгсэлтэй болжээ.
Тус багаж хэрэгслийг Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслөөс байгаль хамгаалагчдад өгчээ. Тухайлбал зэрлэг амьтны хамгааллын мониторинг хийхэд зориулсан автомат камер, зай хэмжигч, байршил тогтоогч GPS, дуран зэрэг тоног төхөөрөмжүүдийг өгсөн байна. Монгол орны нэн ховор, ховор амьтдыг хамгаалах үүрэг хүлээж ажилладаг байгаль хамгаалагч нар шаардлагатай багаж хэрэгслээр хангагдаж чадаагүй. Ажил үүргээ мэдрэмжээрээ л гүйцэтгэж байна гэж орон нутгийн удирдлагууд төслийнхөнд санал тавьжээ.
Тийм учраас Биологийн олон янз байдалд болон хүрээлэн буй орчинд үнэлж баршгүй ач холбогдолтой Монгол орны нэн ховор амьтан болох цоохор ирвэс, хар сүүлт, аргаль, халиун буга, баданга хүдрийг хамгаалах. Эдгээр амьтдыг хулгайн анд өртөх байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийн бүс нутгийн байгаль хамгаалагч нарт байгаль хамгааллын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч хэрхэн ажиллуулахыг нь зааж өгчээ.
Эдгээр тоног төхөөрөмжүүдийг БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслийн дөрвөн аймгийн 13 сумын байгаль хамгаалагч нарт олгоод байгаа. Байгаль хамгааллыг нутгийн иргэдэд түшиглэн зохион байгуулах нь илүү үр дүнтэй байдаг гэж байгаль хамгаалагч нар болон орон нутгийн удирдлагууд хэлж байна.
Тиймээс зэрлэг амьтны хамгааллын мониторинг судалгаандаа ашиглах тоног төхөөрөмжийг тухайн орон нутгийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, малчдын бүлэгт ч мөн өгөх юм хэмээн Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслийн Завханы төслийн зохицуулагч мэдээлэв.