Хустайн байгалийн цогцолборт газраас хоёр согоог Богд хан ууланд нутагшууллаа. Цаашид нэмж 12 бугыг нэмж нутагшуулахаар ажиллаж байна. Бугын цус сэлбэх ажлыг анх удаа эхлүүлж байгаа бөгөөд энэ ажил амжилттай болвол цаашид бугын тоо толгой цөөрсөн газруудад шилжүүлэн нутагшуулах юм байна.
Улсын тусгай хамгаалалтын бусад газарт, зөвхөн төвийн гэлтгүй баруун, зүүн болон хойд бүсийн нутагт буга сэлгэн нутагшуулах аж.
Бугыг аюулгүй нүүлгэж шилжүүлэхэд 30 гаруй хүнтэй баг ажиллажээ. Манай орны буга, согоо ойролцоогоор 300-350 кг жинтэй бөгөөд тээвэрлэлтийн үед бугануудад булчин сулруулах, тайвшруулах эмчилгээ хийсэн байна. Тээвэрлэлт 24 цагийн дотор багтан хийгджээ.
Одоогоор Хустайн байгалийн цогцолборт 300 орчим буга байна. 50 мянган га нутагт 400 буга бэлчээрлэх боломжтойг судлаачид хэлжээ. Тиймээс тоо толгой нь цөөрсөн бусад газарт бугыг удахгүй нутагшуулахаар болжээ.
Өмнө нь 10 халиун бугыг нутагшуулаад байгаа бөгөөд Богд хан ууланд нийт 100 бугтай болжээ.