Өнөөдөр дэлхийн II дайнд холбоотон гүрнүүд Нацист Германыг буулган авсан түүхт ялалтын 75 жилийн ойн өдөр.
Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-д энэ өдрийг өргөн тэмдэглэж, Улаан талбайд баярын парад хийдэг.
Мөн Германы эсрэг дайнд оролцсон өрнөдийн холбоотнууд тавдугаар сарын 8-ны өдрийг “VE day” (Victory in Europe) гэж нэрлэн тэмдэглэдэг уламжлалтай.
Харин энэ жил цар тахлын улмаас ялалтын баярын өдрийг Европ даяар даруухан өнгөрүүлж байна. ОХУ мөн өнөөдөр зохион байгуулагддаг цэргийн парадаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Гэсэн ч энэ өдрийг тохиолдуулан өчигдөр Британийн Засгийн газар дэлхийн II дайны төгсгөлд нацистуудын хоорондоо дамжуулсан сүүлчийн зурвасыг анх удаа архиваас гаргаж, олон нийтэд үзүүлсэн тухай CNN мэдээлжээ.
Уг зурваст бичигдсэнээр 1945 оны тавдугаар сарын 7-ны өглөөний 7:35 цагт Германы хойд эргийн Куксхафен хотоос “Kunkel” нэртэй офицер бусад хамтрагчдадаа сүүлчийн мэдээг дамжуулаад холбооны системээ унтраасан байна.
Зурваст “Тавдугаар сарын 6-ны 14:00 цагт Британийн цэргүүд Куксхафен хотод орж ирсэн тул бүгдэд нь амжилт хүсээд радио холбоогоо үүрд салгаж байна. Дэслэгч Кункел” гэж бичжээ.
1940 онд Их Британийн тагнуулынхан Германы армийн харилцаа холбооны “BROWN” гэгддэг нууц кодыг задалж, дайны турш тэдний хоорондоо харилцаж байсан мэдээллийг уншиж байжээ.