Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Загас” хэсэгчилсэн ажиллагааг зохион байгуулж байна.
Энэхүү ажлаараа эргүүл, хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа юм.
Шалгалтын явцад энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос дөрвөн иргэн, нэг тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан загас барьж буй үйлдлийг илрүүлсэн байна. Тэд хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан байжээ. Одоогоор дээрх үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд нь буцаан тавьсан байна. Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг.
Иймээс загасны үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.