Өнөөдөр үдэд буюу 14 цагийн орчимд Богдхан уулын Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна.
Онцгой байдлын албанд галын дуудлага 14.26 минутад ирсэн бөгөөд галыг унтраахад ойр орчмын оршин суугчид тусалж, гал сөнөөгчидтэй хамтран ажиллажээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаврын хуурайшилттай үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөв.
Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.