Үйлдвэржилтийн эрин үе эхэлсэн 1750-иад оноос дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эхлэлтэй гэж үздэг. Энэ үеээс агаар мандал дахь нүүрс хүчлийн хий 30 гаруй хувиар өсчээ. Гол шалтгаан нь түлшний шаталтаас үүдэлтэй.
Хуванцрыг анх 1860 онд зохиосон бөгөөд эвдэршгүй нэгдэл тул хөрс, ус, агаарт хор нөлөөгөө үзүүлж, азоны давхарга нимгэрэхэд хүчтэй нөлөөлж байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хуванцар сав гэхэд хөхний хорт хавдар, үргүйдэл, арьсны өвчлөлийн үүсгэдэг. Ганцхан ширхэг усны жижиг сав гэхэд л байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг байна. Энэ нь усны бохирдол, хөрсний үхжилт зэрэгт хор нөлөөгөө хэдэн зуун жилээр үзүүлдэг. Мөн амьтдад хэрхэн нөлөөлж байгааг доорх жишээнээс харж болно.
Амьтад хуванцар сав, гялгар уутны хэлтэрхий, хог хаягдалыг хоол тэжээлтэй андуурч иддэг бөгөөд энэ нь тухайн амьтны гэдсэнд шингэхгүй цатгалан мэдрэмж түрүүлсээр өлсөж үхэхэд хүргэдэг тухай эрдэмтэд ярьж байна. Мөн нэг удаа хог идсэн амьтад рефлексээрээ дахин идэх гээд байдаг талтай гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Тайландын “Хүүн Цатан” байгалийн цогцолборт газраас үхсэн буга олджээ. Буга үхсэн шалтгаан нь хог хаягдал идсэнтэй холбоотой байсан ба ходоод дотроос хуванцар савны 7 килограмм хэлтэрхий, гялгар уут, бүр дотуур хувцас хүртэл гарсан байна.
Мөн энэ сарын 1-ний өдөр Шотландын арал дахь “Харрис” хойгийн эрэг рүү үхсэн халим шидэгджээ. Халимд задлан шинжилгээ хийхэд ходоодноос нь 100 килограмм орчим хаягдал хог гарсан ба загасны тор, олс, уяа, хуванцар савнууд дийлэнх хувийг эзэлжээ. Задлан хийсэн эргийн хамгаалагч Дан Парри “Халимны гэдэснээс гаргасан загасны тор, элдэв хог хаягдлын өөдсүүдийг харах мөч үнэхээр гунигтай байсан. Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ бид л сүйрүүлж байна” хэмээн хэлжээ.
Дахин нэг жишээ. АНУ-ын иргэн, зурагчин Дэнни Салливан Аляска мужийн “Катовики” руу аялж цасаар бүрхэгдсэн, үзэсгэлэнт газрын гэрэл зургийг буулгахаар зорьжээ. Харамсалтай нь зурагчны дуранд цагаан баавгайн бамбаруушнууд гялгар уут булаалдан идэж буй дүр зураг буусан байв.
Зурагчин залуу “Дэлхийн дулаарлаас болж хойд туйлын мөс хайлж, туйлын амьтдын нүүдэллэх нэг шалтгаан болж байна. Бас хүн төрөлхтний үлдээсэн ул мөр, хог хаягдал, хуванцар сав нь зэрлэг онгон байгальд хүртэл тархжээ. Бид эдгээр амьтдад ямар нөлөө үзүүлж буйг анзаарах, анхаарах, арга хэмжээ авах цаг болсон. Цагаан баавгайнууд маш сониуч, аливаа зүйлийг амаараа мэдрэн олж нээх дуртай. Гэхдээ энэ нь хог хаягдал, хуванцар, нийлэг уут л биш байгаасай” гэсэн байна.
Харин манай улс тал нутаг, онгон зэрлэг байгалаараа дэлхийд алдартай байсан үе саяхан мэт. Одоо бол хаана ч явсан гялгар уут, “00”-ын цаас, хувцас, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх энд тэндгүй хэвтэж, хаа сайгүй хийсэх ажээ. Үнэндээ энэ асуудал уул уурхай, цөлжилтөөс дутахааргүй том асуудал болоод байна.
Улаанбаатраас Зүүнхараа чиглэлд аялах УБТЗ-ын галт тэргэнд бяцхан хүүгээ дагуулж явсан эмээ төмөр замын буудлын дэлгүүрээс амттан, жимс, ус, ундаагаар тороо дүүргэсэн байв. Галт тэрэг хөдөлж аялал эхлэхэд авсан зүйлсээсээ бага багаар идэх ба аяллын төгсгөл дөхөх үед эмээ өөрийн явсан өрөөг цэвэрлэн идэж уусан ундааны сав, нэг удаагийн хоолны халбага, сэрээ, пластик аяга, чихрийн цаас, ам, гараа арчсан нойтон сальфетка зэргээ бидний хэлж заншсан шар торондоо жимбийтэл боох аж. Гэвч эмээ сайхан савласан тортой хогоо галт тэрэгний цонхоор шидэв. Муухай харсан нэгэн лүү “зүгээрээ хө, байгальдаа шингэчихдэг юм” гэх нь үнэхээр бачуурам. Галт тэрэгний нэг өрөө маш сайхан цэвэрхэн болсон боловч байгаль дэлхий бохирдоод үлдлээ. Түүний хаясан хог одоо ч хаа нэгтээ хийсч байгаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлд “Монголчууд өдөржин хогон дээр эргэлдсэн үнээнийхээ сүүг ууж, махыг идсээр байна” хэмээн бичжээ. Нийслэлд орчмын үхэр хогийн цэгээр бэлчээрлэж, хог идэж байгаа тухай, тэдгээр үнээний сүүнд шинжилгээ хийхэд хүний биед хортой янз бүрийн елемент гарсан тухай бичжээ. Магадгүй үүнээс шалтгаалж хотын суурьшлын бүсэд мал бэлчээхийг хориглосон байх.
Гэвч тайвшрахад хэтэрхий эрт байж. Учир нь орон нутагт ч ялгаагүй үхэр хог идэж, хогтой газраар бэлчээрлэж байна. Хоттой ойр сумын нэгэн айлын үхрийн ходоод нь ялзарсан байжээ. Үхэрний ходоодноос зуу орчим хадаас гарч, өрц нь цоороод үхсэн тохиолдол ч гарч байжээ. Үхэр голдуу хоолны хаягдал, хүнсний бүтээгдэхүүн, цаас, гялгар уут иддэг. Энэ бол зүгээр л бэлчээрт нь хийсч явсан хогийг идсэн үхэрний түүх. Одоо болтол бид хогоо булшилж, далдалдаггүй, ил задгай хаядгийн уршиг энэ. Хогоор хооллосон малын сүү, махыг идсэн хүний эрүүл мэнд талаар дурьдаад ч дуусахгүй биз.
Товчхон хэлэхэд уух ус, амьсгалах агаар, идэж буй хүнсээ бид өөрсдөө хордуулж байна. Хүн нэг бүрийн нөлөөгөөр эх дэлхийн амьтад үхэж байна. Бидний хүссэн дэлхий энэ мөн үү?
Хэрэв тийм биш бол хүн бүр хэрэглээгээ хянаж, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг багасгахын тулд өөрийн зүгээс шалтгаалах бүхнээ хийх цаг болжээ. Ядаж л хогоо битгий ил задгай хая!
Ц.ТУЯА