Засгийн газраас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд нэг удаа үнэгүй тараах шийдэлд хүрээд байгаа. Ирэх сарын 1 гэхэд уг төхөөрөмж иргэдийн гар дээр очсон байх ёстой. Мэдээж гаднаас хэдэн арван сая төгрөгөөр худалдаж авахаас өөр аргагүй тухайгаа Хотын дарга мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү төхөөрөмжийг монголдоо үйлдвэрлэх бүрэн боломж байгаа юм байна. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд MQ-7 мэдрэгчийг ашиглан агаар дахь угаарын хийг хэмжин зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд дохио өгдөг хэмжилтийн туршилтын загварыг зохион бүтээгээд байна.
Энэхүү төхөөрөмж нь “LCD” дэлгэц дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулах бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед дуут дохио өгөх юм. Тус төхөөрөмж нь микроконтроллерын удирдлагатай бөгөөд босго утга болон горимыг шаардлагад нийцүүлэн программчлан тухай бүрд өөрчлөн, сайжруулах боломжтой. Монгол эрдэмтэд өөрсдөө программчлах тул утгыг өөрчлөх, засварлах зэрэг олон давуу талтай юм байна.
Түлш дутуу шаталтын үед угаарын хий CO үүсгэдэг. Энэ хий нь өнгө, үнэргүй учраас хүнд мэдрэгдэхгүй тул хүмүүс угаартаж амь насаа алдах хүртэл аюул учирч байна. Тиймээс угаарын хийн хэмжээг хэмжих, аюулыг урдчилан мэдэхийн тулд тусгай мэдрэгч багаж ашиглах шаардлагатай.
Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлбэл энэхүү төхөөрөмжийг заавал гаднаас оруулж ирэх бус Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэд хэлж байна.
|
|